Монголын Үндэсний гэх тодотголтой том айлын босгыг давж, ард түмэнтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзан учирна гэдэг сэтгүүлч, найруулагч, уран бүтээлчдийн хувьд бахархам их хувь заяа. Миний бие ч гэсэн энэ айлын босгоор алхаж орсон цагаас хойш зудтай, зунтай, цэцэгтэй, өргөстэй эх орныхоо дөрвөн зүгт Монголын Үндэсний Олон нийтийн радио телевиз гэх том айлын нэрээр очиж цэнхэр дэлгэцээрээ тэдэнтэйгээ уулзсан байх юм. МҮОНРТ-ийн хамт олны нэр гэдэг өөр өөрсдийн орь хүслэн авьяас хөдөлмөрөөрөө эх түүх, өв соёл, байгаль экологи, нийгмийн амьдрал дундуур туулж гарсан үе үеийнхний нэр төр юм. Тэд маань гал дундуур туучиж, цасан шуурганд хээр хонож, аваар осолд өртөж, азтай одтой уран бүтээлийн олзтой өдрүүддээ бие биедээ урам хайрлаж инээлдэж тэврэлдэж явсан, итгэл нөхөрлөлийн эв нэгдлийн түүхээ бичиж үлдээсэн бас бүтээж яваа халуун ам бүл.
Сүүлийн үед МҮОНТ-ийн талаар таагүй мэдээллүүд хэвлэл мэдээлийн хэрэгслүүдээр гарч л байдаг боллоо. Гэхдээ “МҮОНТ-ийн бүх уран бүтээлчид” гэх нэртэй мэдэгдлийг хараад дэндүү их харамсаж увайгүй, арчаагүй эл үйлдэлд өчүүхэн тайлбарыг хийхээс өөр аргагүйд хүрсэндээ хүлцэл өчье. Манай хамт олонд дарга нар ирж л байдаг буцаж л байдаг. Нүүдлийн шувуу шиг ирж, буцдаг дарга нар амандаа юу зуугаад буцдагийг бид мэдэхгүй. Хэдхэн сар байсан, бас юу гийгүүлсэн нь мэдэгдэхгүй хоёр даргад МҮОНРТ босго өндөртэйгээ ойлгуулаад буцаасан болтой юм. Гэтэл албан тушаалтнууд халагдлаа гэдгээ “үхлээ” гэж ойлгодог болсон уу, ажлаа өгөхгүй хэмээн зарга үүсгэж, халсан даргаа “хүн биш чөтгөр” хэмээн гүтгэж, түүндээ хамт олон биднийхээ нэрийг барьж мэдэгдэл хийсэн байх юм. Зарим нэгэнтэй нь бид үнэндээ танилцаж ч амжаагүй шүү дээ. Мэдэхгүй танихгүй шахуу нөхөд МҮОНТ-ийн бүх уран бүтээлчид гэж хаяглаад бидний эрх ашиг нэр төр дээр эрээчээд эхлэхээр мэл гайхаж цэл хөхрөхөөс ч цаагуур юм болдог юм байна.
МҮОНРТ-д ирж, буцдаг дарга нар албан тушаалаа өглөө гээд энэ айлын ачааг үүрч ирсэн, цаашдаа ч үүрэх хамт олон хохирохгүй. Тэнд ажиллаж, амьдарч, халуунд халж, хүйтэнд хөрч энэ том айлын хүнд ачааг үүрч яваа уран бүтээлчид хийдгээ хийгээд явах болно. Явж ч ирсэн.
Ер нь Олон нийтийн радио телевизийг удирдах хүн ядаж бидэнтэйгээ хэл амаа ололцдог, энэ тогоондоо чанагдаад үзчихсэн уран бүтээлч сэтгэлгээтэй хүн байна уу гэхээс хэн нэгэн том даргын “нэрийн хуудас”-тай дахиж танилцахыг бид хүсэхгүй байна.
Энэ хамт олон бол албан тушаалдаа хайртай хүн бүхний урдаа барьдаг бамбай биш, хэн ч, юунд ч ашиглаж болдог, дээр нь санасан бүхнээ сараачдаг цагаан цаас биш. Та бүхэн албан тушаалаа өглөө гээд хүн биш болохгүй. Хийх ёстой хэрүүлээ хийх ёстой газар, хуулийн дагуу шийдэж болно. Харин 46 жилийн түүхтэй хамт олны нэрийг нь барьж болохгүй гэдгийг л хатуу сануулъя. Та бүхний ирээдүйн үйлсэд амжилт хүсэхийн ялдамд ийм том, бас түүхэн хамт олны нэрийг зээлдэж болдоггүй юм шүү гэдгийг дахин сануулъя.
Хэл бичгийн ухааны доктор, хүүхдийн зохиолч,
ахмад сэтгүүлч Базаржавын Нацагдорж