Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай буюу дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ.
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07-22 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт үйлчилж байгаа. Тус зохицуулалт үйлчилж эхэлснээс хойш буюу 2012-2014 онд нийслэл хотод 80.1 км авто зам шинээр ашиглалтад оруулж, 144.7 км авто замыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөн зохион байгуулах 44 гэрлэн дохио суурилуулсан байна.
Мөн нийслэлийн иргэдээс Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200, 1800-1234 дугаарын утсанд дугаарын хязгаарлалтыг цаг, бүсчлэлд өөрчлөлт оруулах санал багагүй ирсэн тул Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах ажлыг удирдлагаар хангах ажлын хэсгээс дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд улирлын чанартай өөрчлөлт оруулах санал орууллаа.
Ингэхдээ дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08-20 цаг, бүсчлэлийг өвлийн улирал буюу аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15, зуны улирал буюу дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл хоёр янз байхаар төлөвлөсөн байна. Саналд бүсчлэлийг зуны улиралд замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улиралд зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байна.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дээрх саналыг хэлэлцээд авто замын нэвтрүүлэх чадвар харьцангуй сайжирч байгаа тул иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэл болгон өөрчлөлтийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлийн өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Мөн өвлийн улиралд дараахь замууд дугаарын хязгаарлалтаас хасагдлаа. Сонгинохайрхан дүүрэг ямар ч дугаарын хязгаарлалтгүй, Тасганы овоогоос хойших зам, Хорооллын Бичилийн арын зам, Долоо буудлаас 32-ын тойрог, Дарь эхийн уулзвараас Дамба, Бэлхийн уулзвар хүртэлх, Цайзаас Оффицеруудын ордон, Цайзаас КТМС хүртэлх замууд хасагджээ.
Жич: Өвөл, зуны улирлын дугаар хязгаарлалтад хамрагдах бүсчлэлийг зургаар танилцуулъя.