logo
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Тогтвортой санхүүжилтийн форумд оролцлоо

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Тогтвортой санхүүжилтийн форумд оролцлоо

2014/12/17

Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум-2014 Бэст Вэстерн Премьер Туушин Зочид Буудалд өнөөдөр боллоо. Форумыг нээж Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч, Тогтвортой санхүүжилтийн удирдах хорооны дарга М.Болд үг хэлэв. Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ :

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, Ноёд оо,

Юуны өмнө Монголын банкууд бусдын заавар, зөвлөлгөөгөөр биш, өөрсдөө улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө тогтвортой санхүүжилтийн санаачилга гаргаж, зарчмуудаа боловсруулан өнөөдрийн форумыг зохион байгуулж байгаад Эх дэлхийн манлайлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Миний ойлгож буйгаар 2015 онд Монголд олон чухал үйл явдал болохын хоёрыг энд онцлон дурдъя. Нэг нь Шилэн дансны тухай хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Тэр өдрөөс эхлэн төр засгийн, төсвийн бүх байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвөөс тендер авсан хувийн компаниуд бүгд таваас дээш сая төгрөгийн гүйлгээний талаарх бүрэн мэдээллийг долоо хоногийн дотор өөрийн веб хуудсанд, хэрэв веб хуудас байхгүй бол байгууллагын олон нийтийн самбарт нийтэлдэг болно.

Энэхүү хуулийг хэрэгжүүлснээр Монголд үүрлэж бугшсан олон асуудал, түүний дотор банк санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалттай холбоотой зөрчил дутагдал, залилан, авлигал гэх мэт маш олон асуудалд цэг тавьж, зарчмын шинжтэй өөрчлөлт гарах юм. Үүнийг бид туршлагаар нотолсон. Дансны гүйлгээг олон нийтийн хараа хяналтад ил тод байлгах нь л маш эерэг үр дүнтэй арга хэмжээ болно.

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн асуудлаар энэ сарын 18-нд томоохон зөвлөлгөөн зохион байгуулах гэж байна.

Хоёр дахь томоохон үйл явдал бол Монголын банкуудын санаачилж, боловсруулсан тогтвортой хөгжлийн санхүүжилтийн зарчмыг мөрдөж эхлэх. Энэ зарчмуудын дагуу хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ээлтэй төслүүдийг түлхүү санхүүжүүлдэг болно гэж би ойлгож байгаа. УИХ энэ жил ногоон хөгжлийн бодлогыг баталсан. Энэхүү бодлогыг боловсруулж батлахад гар бие оролцсон УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч, хатагтай С.Оюун энд хүрэлцэн ирсэн байна. С.Оюун дээрх бодлогын талаар та нарт дэлгэрэнгүй ярих байх гэж бодож байна.

Та бүхний санаачилга, УИХ-ын баталсан уг бодлогыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй. Банкууд өөрсдөө санаачлаад тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг боловсруулж мөрдөх гэж байгаа нь туйлын сайшаалтай. Монголчууд эрт дээр үеэс байгаль орчинд ээлтэй амьдарч ирсэн. Байгаль орчноо хайрладаг монголчуудын хүмүүжил, соёлын өвийг сэргээх, сургалтын ажлуудыг хийх, хойч үедээ уламжлах талаар ч та бүхэн бодох нь зүйтэй.

Тогтвортой хөгжлийн санхүүжилтийн ач холбогдол хүлэмжийн хийг багасгах төдийгээр тогтохгүй. Монгол Улс байгаль, цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай, эрчим хүчний хэрэглээ ихтэй, бас алдагдал ихтэй орон. Миний бодлоор тогтвортой хөгжлийн зарчмуудыг мөрдөж эхлэвэл ядуурал багасах нийгмийн ч ач холбогдолтой.

ХБНГУ-ын GIZ байгууллагын судалгаагаар Улаанбаатар хотод амьдран сууж байгаа хүмүүс авсан дулааныхаа 50 хувийг хаалга, цонх, хана, шал, таазаараа алдчихдаг гэж дүгнэсэн. Энэ нь манай иргэд эрчим хүчинд төлбөл зохих хэмжээнээсээ хоёр дахин их мөнгө үрж байна гэсэн үг юм. Тэгэхээр банкууд төслийг санхүүжүүлэхдээ хамгийн түрүүнд эрчим хүчээ хэрхэн хэмнэх вэ гэдэг шалгуурыг тавих хэрэгтэй. Эрчим хүч гэдэг нь бензин, шатахуун, уур, ус, цахилгаан гэх мэт өргөн хүрээтэй ойлголт юм. Сүүлийн үед орон сууц, офиссийн барилга олноор баригдах боллоо. Та бүхнээс эрчим хүчний алдагдлын асуудлыг онцгой анхаараасай гэж хүсч байна. Эрчим хүч, дулааны алдагдлыг багасгана гэдэг ядуурлыг багасгахтай дүйнэ.

Мөн УИХ-аас хууль батлаад, барилгын компаниуд барьсан орон сууцных нь нэг шоо метр талбайг халаах зардлыг албан ёсоор зарладаг болчихвол дулааны алдагдалтай барилгын борлуулалт, үнэ, цаашилбал санхүүжилт зогсоно.

Тогтвортой санхүүжилтийн санаачилгыг гаргасан Монголын банкууд, Монголын банкны холбоо, энэ ажлыг дэмжсэн гадаад дотоодын банк, санхүүгийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс бүх талаар дэмжинэ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд сэргээгдэх эрчим хүч ашиглах асуудлыг харгалзаж үзэх нь зүйтэй. Уудам газар нутагт тархан суурьшсан монголчуудын хувьд сэргээгдэх эрчим хүч бол бурхны бэлэг юм. Хотын иргэдээс илүү хөдөө орон нутгийн иргэд сэргээгдэх эрчим хүчний үр шимийг хүртэж байна.

Бид 1999 оны намар 100 мянган нарны гэрэл хөтөлбөрийг санаачилсан. Энэ нь Монголд хамгийн амжилттай хэрэгжсэн цөөхөн төслийн нэг юм. Энэхүү төслийн ачаар саяхныг хүртэл лааны гэрэлд амьдарч ирсэн хөдөө орон нутгийн иргэд маань сэргээгдэх эрчим хүчээр ажиллах гэрэл чийдэн, телевизор, хөргөгч, холбоотой болсон. Магадгүй та бүхэн ирэх жилээс хот, суурин газарт хэрэгжүүлэх 100 мянган нарны дээвэр төслийг санаачлан, шинээр баригдаж буй барилгуудад сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлбэл улс орны хөгжилд сайнаар нөлөөлнө.

Монгол нар, салхины сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй орон. Зөвхөн Алтай, Хангайн нуруу хоорондын салхины хүчийг бүрэн ашиглаж чадвал 2.6 терраватт эрчим хүч үйлдвэрлэх боломжтойг Азийн хөгжлийн банкны судалгаа харуулсан.

Тэгэхээр та бүхэн нэг талаас эрчим хүчээ хэмнэх, нөгөө талаас сэргээгдэх эрчим хүчээ дэмжих үүднээс асуудалд хандвал Монголын ирээдүй улам их гэрэл гэгээтэй, тогтвортой болж, бусад улс орнуудад үлгэр жишээ үзүүлэх хэмжээнд хүрнэ гэдэгт итгэж байна. Өнөөдөр агаарын бохирдол, замын түгжрэл гэх мэт нийгмийн олон асуудал бидний өмнө тулгамдаад байна. Аливаа хүндрэл бэрхшээлийг хямралын үед л шийддэг гэж ярьдаг. Хямрал гэдэг үг эрсдэл, боломж гэсэн хос утгатай. Тэгэхээр бид өнөөдрийн хямралыг хөгжлийн боломж болгох талаар ажиллах ёстой гэж үзэж байна.

Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш