Нийслэлийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаанаар “Нийслэлийн 2015 оны төсөв”-ийг баталсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийслэлийн ирэх оны төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сэтгүүлчдэд өглөө. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар нар оролцсон юм.
Нийслэлийн 2015 оны төсөв нь нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх нийслэлийн төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчилж, эдийн засгийн хүндрэлтэй үед татварын орлогыг өмнөх оны түвшингээс бууруулахгүй байхаар тооцсон. Мөн Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлыг бууруулж, орон тооны давхардлыг арилгах үндсэн чиглэлийг баримталж боловсруулан баталсан байна. Нийслэлийн 2015 оны орон нутгийн төсөвт нийт 540,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 320,9 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлэн, 180,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд нийслэлд нийт 38,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл хотын шуудын төсөвт 424,0 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 78,4 хувийг бүрдүүлэхээр, дүүргүүдийн төсөвт 116,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн 21,6 хувийг бүрүүдүүлэхээр тооцжээ.
Ирэх оны нийслэлийн төсөвт өмнө нь Улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэдэг байсан хэд хэдэн асуудал шилжсэн байна. Тухайлбал оюутан, сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих 53,1 тэрбум төгрөгийг нийслэл хариуцахаар болжээ.
Нийслэлийн 2015 оны төсөв боломжтой бүх эх үүсвэрийг танаж, бууруулж тооцон 57 орчим тэрбум төгрөгийн урсгал зардлыг хэмнэсэн байна. Үүнд шинээр тавилга, эд хогшил худалдан авах, бичиг хэргийн зардал, гадаад, дотоод томилолт, тээвэр шатахууны зардал зэргийг 2-5 дахин бууруулжээ. Мөн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн дагуу 186 удирдах албан тушаалтны цалин, холбогдох зардлыг төсвөөс хасч баталсан юм. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлаас нь чөлөөлж буй удирдах албан тушаалтнууд бүгдээрээ залуу, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжтой хүмүүс бий. Гэтэл Монгол Улсын Засгийн газраас 2 тэрбум төгрөгийг хэмнэх нэрийдлээр ажлаас чөлөөлөх чиглэл өгсөнд бид таатай хандахгүй байгаа. Гэвч УИХ-аар хууль батлагдсан тул дагахаас өөр аргагүй. Тиймээс дараагийн боломжтой ажлуудад санал болгох замаар ирэх онд ажлаас нь чөлөөлөхөөр төлөвлөсөн” гэлээ.
Хэдийгээр эдийн засгийн байдал сайнгүй байгаа ч нийслэл боломжтой хөрөнгө оруулалтын төсвөөрөө бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
Тухайлбал эмнэлэг байгуулах үндсэн чиг үүрэг нийслэл хүлээгээгүй ч одоогийн эмнэлгийн хүрэлцээ, нөхцөл байдал, иргэдээс авсан саналын дагуу нийслэлийн төсвөөр Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр 100 хүүхдийн ортой эмнэлэг байгуулахаар тусгажээ. 2014 онд 88 сургууль цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлийн ажил эхэлсэн. Эдгээрээс нэг сургууль, хоёр бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 19 цэцэрлэг ирэх онд ашиглалтад орох юм. 2015 оны төсвөөс шинээр зургаан цэцэрлэг барьж, гурван цэцэрлэгт өргөтгөл хийх бол хоёр сургууль шинээр барьж, нэг сургуулийг өргөтгөн шинэчлэнэ. Харин Концессийн гэрээний дагуу 12 сургууль цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Мөн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлаас 20 байршилд тодорхой хэсгүүдэд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн Батлан даалтын сан, Нийслэлийн орон сууцны хөтөлбөр зэрэгт хөрөнгө оруулалт хийнэ.
Энэ үеэр сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өглөө.
-Хогны уутанд 6,7 тэрбум төгрөг төсөвлөсөнд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ мөнгийг сургууль, цэцэрлэг барихад төсөвлөж болохгүй юмуу? гэсэн асуултад нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Энэ асуудал дээр бид нэг ойлголттой болъё гэж бодож байна. Иргэд дэмий мөнгө үрж байна гэж их шүүмжилж, бидэнд санал хүсэлт ч багагүй ирүүлж байгаа. Гэхдээ хогны уут хийж иргэдэд тараахад төсвөөс нэмэлтээр нэг ч төгрөг гаргахгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Учир нь иргэд сар бүр байрныхаа төлбөр дээр хогны хураамж гэж тодорхой мөнгө өгдөг. Энэ нь жилд 14 орчим тэрбум төгрөг төвлөрдөгөөс ирэх онд 6,7 тэрбум төгрөгийг хогны уутанд төсөвлөсөн. Эмнэлэг, сургууль барих асуудал дээр иргэдээс төвлөрүүлж байгаа хогны хураамжийн энэ мөнгийг хог багасгах, тээвэрлэх зэрэгт зарцуулахаас өөр зүйлд зарцуулахыг хориглосон хуулийн заалттай гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Бид эмнэлэг, сургууль барихад өөрийн төсвийн боломжоор хуваарилалт хийсэн. Цаашид ч хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Хогны уутыг хөгжингүй орны хотын иргэд бүгд л хэрэглэж байна шүү дээ. Иргэд зориулалтын хогны уутанд хогоо хийх нь их хотын нэг соёл. Бид удахгүй хотын дүрэмтэй болно. Энэ дүрэмд ч хог хаявал гээд тодорхой торгуультай заалт байхаар төлөвлөж байгаа тул иргэд хогны уутыг хэрэглэж хэвших нь зүйтэй. Дахин хэлэхэд төсвөөс нэг ч төгрөг нэмэж төсөвлөөгүй ” гэлээ.
-Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгч урамшууллыг хэрхэн төсөвлөсөн бэ. Жил бүр авдаг мөнгө хэвээрээ байгаа юу? гэхэд “Эдийн засаг хямралтай, улс орны төсөв санхүү хомсодсон үед энэхүү урамшууллыг хэмнэх зарчмыг баримталж, нийслэлийн 2015 оны төсөвт НИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллыг хасч оруулсан ч төлөөлөгчид зөвшөөрөөгүй. Тэдэнд зориулж буй мөнгө хувь хүнд нь бус сонгогдсон тойрогт нь зориулагддаг. Төлөөлөгчид тайлан тооцоогоо хуралдаа ирүүлж, аудит шалгалт хийдэг” гэсэн юм.
Иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор нийслэлийн 2015 оны төсвийн задаргааг нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын баруун дээд хэсэгт байрлах баннер хэсэгт байршуулсан байгаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.