logo
Ливи улс өдөрт 1.6 сая баррель газрын тос олборлодог байжээ

Ливи улс өдөрт 1.6 сая баррель газрын тос олборлодог байжээ

2011/09/24
Ливийн баруун хойд хэсэгт орших газрын тосны асар том байгууламжийн үйл ажиллагаа зогсмол байдалтай хэвээр байна. Ливээс Европын орнууд руу газрын тос, байгалийн хий дамжуулж экспортлодог байсан үйлдвэрүүд Ливийн хувьсгал эхэлсний дараа буюу гуравдугаар сард үйл ажиллагаагаа зогсоосон юм. Байгалийн хий дамжуулах хоолой Ливиээс газар дундын тэнгисийн ёроолын доогуур дамжин Итали хүрдэг байна. Гэхдээ Ливичүүд өвөл болохоос өмнө Европ руу экспортлодог байсан газрын тосныхоо үйл ажиллагааг аль болох хурдан хугацаанд сэргээхээр яаран ажиллаж байна. Ливийн иргэний дайны үед газрын тос дамжуулах хоолойнд бага зэрэг гэмтэл гарсан гэж Ливийн хамгийн том газрын тосны компани болох “Меллита Ойл Энд Газ” компанийн шинэ удирдлага Карим ярьсан байна. Ливийн бусад газрын тосны компаниудын дамжуулах хоолойнууд мөн гэмтсэн байх магадлалтай юм байна. Ливийн газрын тосны үйлдвэрүүдэд гадаадын мэргэжилтнүүд ажилладаг байжээ. Иргэний дайн эхэлсний дараа мэргэжилтнүүд нутаг буцсан тул газрын тосны үйлдвэрийн ажилчдыг эргүүлэн авчирч үйл ажиллагаагаа сэргээх нь хамгийн хэцүү сорилт болоод байгаа юм байна. Газрын тосны байгууламжууд ажиллалгүй зургаан сар болсон тул эргэж сэргээхэд аюулгүй байдлын асуудал ч урган гарч ирээд байгаа юм байна. Ливи газрын тосныхоо 85 хувийг Европ руу экспортолдог байсан. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар газрын тосны үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10-15 хувьд л үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Өдөрт 1.6 сая баррель газрын тос олборлодог байсан үеийн хэвийн ажиллагаандаа ортол 1-2 жилийн хугацаа шаардагдана. Ливийн эрэгт дараалал үүсгэн зогсдог байсан Европын орнуудын ачаа тээврийн хөлөг онгоцууд ч алга болж эл хуль болжээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш