logo
Эмнэлгийн зориулалтаар ашиглах барилгуудын нөхцөл байдалтай танилцлаа

Эмнэлгийн зориулалтаар ашиглах барилгуудын нөхцөл байдалтай танилцлаа

2014/12/23

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд өнөөдөр /2012.12.22/ Зам тээврийн яамны байрлаж буй Засгийн газрын XIII байрны барилга болон Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцав.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартаар 1000 хүүхэд тутамд эмнэлгийн 4-5 ор ногдох ёстой. Энэ жишгээр тооцвол Монгол Улсын хүүхдийн эмнэлгүүд нийтдээ1800 ортой байх ёстойгоос одоогоор 1072 ор бий. Тиймээс хүүхдийн эмнэлгүүдийг хүртээмжтэй болгох үүднээс 728 ор шинээр нэмэгдүүлэх шаардлага бий. Төрөөс энэ асуудлыг шийдвэрлэхээр шат шатандаа ажиллаж байна хэмээн танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин “ЗТЯ-ны одоогийн байрыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дүгнэлт гаргахаар НББСШУБХ-ы Ажлын хэсгийн гишүүд ажиллаж байна” гэв. Түүнчлэн Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр холбогдох байгууллагууд хариуцлагатай, шуурхай ажиллах ёстойг сануулав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр Улсын Их Хурлаар ирэх оны төсвийн тодотголыг ойрын хугацаанд хэлэлцэх бөгөөд энэ үеэр шинээр байгуулах эмнэлгүүдийн зардлыг тусгах тал дээр холбогдох яамдын ажилтнууд анхаарч, шуурхай ажиллах шаардлагатайг анхааруулсан юм.

НББСШУБХ-оос хүн амны тоо, төрөлт, өвчлөлт, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаатай уялдуулан улсын хэмжээнд эмнэлгийн барилгын хэрэгцээ, шаардлага, орны тоог төлөвлөх, эх хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн тоог нэмэгдүүлэх, Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг албан конторын зориулалтаар ашиглах тухай Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох, зөвхөн эмнэлгийн зориулалтаар ашиглах  асуудлыг судлах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ахалж, УИХ-ын гишүүн Д.Арвин, Ё.Отгонбаяр, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар гишүүнээр ажиллаж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш