Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2014.12.22/ Налайх, Баянзүрх дүүргийн найман сургуульд хүүхдийн автобус хүлээлгэн өглөө.
Тус дүүргүүдийн алслагдсан хороонд амьдардаг бага насны хүүхдүүдийг зөөвөрлөх сургуулийн автобустай болгох санаачилгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан гаргасан юм. Энэ санаачилгын дагуу Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуулийн хавсралтын жагсаалтад “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын автобус /Улаанбаатар, Баянзүрх, Налайх дүүрэг/” хэмээн тусгагдсан юм. Улсын төсвийн санхүүжилтээр хүүхэд зөөвөрлөх зориулалттай, аюулгүй байдлыг бүрэн хангасан найман ширхэг автобусыг Баянзүрх, Налайх дүүрэгт хуваарилсныг өнөөдөр сургуулиудад нь хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Баянзүрх, Налайх дүүргээс сонгогдсон гишүүний хувьд дүүргийнхээ алслагдсан хороонд амьдардаг бага насны хүүхдүүдийг сургуульд нь зөөх автобустай болгох санаачилга гаргаж, үүнийг нэлээд хөөцөлдсөн. Энэ дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд дүүрэгтээ дулааны станц, хүүхдийн эмнэлэг, III төрөх, сургууль, цэцэрлэг барья, дүүрэг хотын тохижилтод анхаарч, зам барих хэрэгтэй, мөн сургуулийн бага насны хүүхдүүдийг зориулалтын автобусаар хүргэж өгдөг больё гэх зэрэг олон санаачилга гарган ажилласан. Өнөөдөр Баянзүрх, Налайх дүүргийн найман сургуульд хүүхдийн автобус хүлээлгэн өгөх гэж байна. Эдгээр автобус бага насны хүүхдүүдийг зөөх зориулттай, тохирох стандартаар хийгдсэн. Ялангуяа аюулгүй байдлын стандартад бид нэлээд анхаарч сонгосон. Ингэснээр Монгол Улсын ирээдүй болсон сурагчид, тэр дундаа Баянзүрх, Налайх дүүргийн алслагдсан хороонд амьдардаг бага ангийн сурагчдын суралцах эрхийг хангахад дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна. Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье” гэлээ
Ийнхүү Баянзүрх дүүргийн 16 хорооны Улаанхуарангийн 53 сургууль, 9 хорооны Шархадны 79 сургууль, 20 хорооны Гачууртын 85 сургууль, 23 хорооны Улиастайн 87 сургууль, 8 хорооны Эрдэнэтолгойн 92 сургууль, 28 хорооны Хужирбулангийн 120 сургууль болон Налайх дүүргийн Эрдмийн Оргил, Голомт цогцолбор сургуулиудын захирлуудад түлхүүрийг гардуулан, хүүхдийн автобусуудыг хүлээлгэн өгөв.
Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, БСШУЯ-ны дэд сайд Б.Тулга болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.