Өнөөдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн дэд захирлаар Ч.Батцэнгэл, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирлаар Ц.Лхагвадаш нар томилогдлоо.
Дэд захирал болоод захирлын сонгон шалгаруулалтад зургаан хүн өрсөлдсөн бөгөөд шинээр сонгогдсон захирлуудыг сонгохдоо мэдлэг чадвараас гадна телевизийн урлагт олон жил ажилласан, дадлага туршлагатай ажлаа мэддэг гэсэн давуу талыг харгалзан үзжээ.
Чулуунбаатар овогтой Батцэнгэлийн ажил байдлын тодорхойлолт
Чулуунбаатар овогтой Батцэнгэл нь 1997 онд Монгол Улсын Багшийн их сургуулийн сэтгүүлч мэргэжлээр төгсөж, Монголын Үндэсний Телевизийн Залуучуудын нэвтрүүлгийн “Үдшийн хэмнэл” студид сэтгүүлч, редактораар ажлынхаа гарааг эхэлсэн. Энэ хугацаанд залуучуудын аж амьдрал, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар олон арван нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдийн талархал хүлээсэн байдаг. 2002 оны зургаадугаар сараас “Үдшийн хэмнэл” студийн захирлаар дэвшин ажиллаж, залуучуудын нэвтрүүлгийн агуулга, хэлбэр чанарыг сайжруулж, ялангуяа залуучуудад шинэ мэдлэг олгох, тэдний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, нийгэмд нөлөө бүхий залуучуудын төлөөллийг гаргаж ирэхэд студийнхээ нийтлэл нэвтрүүлгийн бодлогыг чиглүүлж “Бага үдийн хөтөлбөр”, “Элсэн цаг”, “ВИП”, “Оюутан залуу нас” зэрэг хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байв.
Тэрээр 2006 оноос залуучуудад зориулан “Амьдрал өөрөө САК” чөлөөт цагийн нэвтрүүлэг санаачлан бэлтгэж, “Амьдрал өөрөө САК 1, 2, 3” нийт 100 орчим бүлэг /нэг бүлэг нь 50-60 минут/-ийн кино, нийтлэл эфирт оруулж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байв. Ийнхүү Монголын Үндэсний Телевизэд реалити шоуг анх санаачлан хийсэн нь түүний шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээний илрэл болсон юм. Түүнчлэн “Босго тотго” олон ангит уран сайхны киноны продюсераар ажиллажээ.
Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж, 2002 онд МСЭ-ийн “Ган үзэгтэн”, 2003 онд “Шилдэг продюсер” өргөмжлөл, 2004 онд “Радио телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2006 онд “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Алтангадас одонгоор тус тус шагнасан байна.
Тэрээр 2007 онд МҮОНРТ-ийн Ерөнхий продюсераар томилогдон ажиллаж, энэ хугацаанд МҮОНРТ-ийг олон нийтэд сурталчлах өдөрлөг, уулзалт, сургалтууд болон бусад арга хэмжээг зохион байгуулж, энэ ажлын хүрээнд эх орныхоо 10 гаруй аймагт ажиллан, тэдний ажил үйлс, ард олны амьдрал, амжилт ололтын талаар мэдээ, сурвалжлага, нэвтрүүлгийг уран бүтээлчдийн хамт бэлтгэн үзэгчдийн хүртээл болгосон.
2009 онд МҮОНТ-ийн Нэвтрүүлгийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж, телевизийн программын бодлого зохицуулалтыг хариуцаж, нэвтрүүлгийн бодлого, бүтцийг сайжруулах, уран бүтээлийн хийц чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд анхааран, уран бүтээлчдийг удирдан зохион байгуулан ажиллаж байсан.
Ч.Батцэнгэл нь одоо МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээлэл судалгааны төвийн даргаар ажиллаж байгаа бөгөөд сэтгүүлзүйн ухааны докторант юм.
Цолмон овогтой Лхагвадашийн ажил байдлын тодорхойлолт
Ц.Лхагвадаш нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1990 онд Монголын Үндэсний телевизэд туслах найруулагчаар ажлынхаа гарааг эхлэн улмаар 1996 онд ОХУ-ын Кино урлагийн дээд сургуульд элсэн орж, 2000 онд найруулагч мэргэжлээр төгссөн. 2000 онд “Гэрэлтэй цонх” студийг үүсгэн байгуулж, “Үдшийн хөтөлбөр” нэвтрүүлгийн агуулга, хэлбэр, чанар, далайцыг сайжруулах талаар онцгой анхааран ажиллаж, тухайн үед үзэгчдэд мэргэжлийн шинэлэг, чанартай уран бүтээлүүдийг хүргэж, олны талархлыг хүлээсэн.
Түүнчлэн “Бэр цэцэг”, “Амьдрал чиний төлөө”, “Сэтгэлийн гэрэл” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кино болон “Өндөр гэгээн Занабазар” баримтат кино, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилд зориулсан “Хүннү гүрэн” 6 цуврал баримтат уран сайхны кино зэрэгт найруулагч, ерөнхий продюсераар, анхны олон ангит “Сарны нулимс” уран сайхны кино, “Нарны жим” 60 ангит киноны продюсераар тус тус ажилласан туршлагатай уран бүтээлч юм.
Ц.Лхагвадаш зөвхөн чанартай уран бүтээл хийгээд зогсохгүй авьяаслаг зохион байгуулагч, сайн удирдагч, менежер болох нь байгууллагын хэмжээнд төдийгүй хэвлэл мэдээллийн салбарт танигдсан. Тэрээр 2010 онд МҮОНРТ-ийн Ерөнхий продюсераар томилогдон ажиллаж, энэ хугацаанд МҮОНРТ-ийг олон нийтэд сурталчлах өдөрлөг, уулзалт, сургалтууд болон бусад олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, энэ ажлын хүрээнд эх орныхоо 12 аймагт ажиллан, тэдний ажил, үйлс, ард олны амьдрал, амжилт ололтын талаар мэдээ, сурвалжлага, нэвтрүүлгийг уран бүтээлчдийн хамт бэлтгэн үзэгчдийн хүртээл болгосон.
Түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж 2004 онд “Радио телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2005 онд “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2006 онд Соёлын тэргүүний ажилтан цол, 2008 онд Төрийн шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Алтангадас одонгоор тус тус шагнасан байна.
Тэрээр тус байгууллагад тогтвор суурьшилтай 24 жил ажиллаж байгаа бөгөөд 2011 оноос MN-2 телевизийг байгуулж, захирлаар нь томилогдон, үндэсний цөөнхөд зориулсан хөтөлбөрийн бодлого боловсруулж, программын бүтцийг шинэчлэх, шинэ төрөл жанрын нэвтрүүлгүүдийг үйлдвэрлэж, уран бүтээлийн хийц чанарыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.
Тэрээр Удирдлагын академийн Удирдахуйн магистр зэрэгтэй, Хэвлэлийн Хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн юм.