УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.12.23/ хуралдаанаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай” Хууль зүйн байнгын хорооны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах Хууль зүйн байнгын хорооны тогтоолыг хэлэлцлээ. Байнгын хорооны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах болон хавсралтыг шинэчлэн батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат танилцуулав.
Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, тус Байнгын хорооноос УИХ-ын гишүүдэд санал авах тухай албан бичгийг хүргүүлсэн байна. Авлигатай тэмцэх байгууллага болон төрийн бусад байгууллага, олон улсын зөвлөх, мэргэжилтнүүд цаашид хуулийн үйлчлэлд хамаарах мэдүүлэг гаргагчдын хүрээг багасгах, зөвхөн эрсдэл бүхий албан тушаал, ажлын байранд томилогдож байгаа албан тушаалтны мэдүүлгийг хянах асуудалд анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай гэсэн зөвлөмж саналыг гаргадаг хэмээн Ажлын хэсгийн ахлагч танилцуулсан.
2014 оны дүнгээр улсын хэмжээнд 1600 орчим байгууллагын нийт 51579 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргаж бүртгүүлсэн байна. Нийт мэдүүлэг гаргагчдын 36 хувь нь төрийн захиргааны, 32 хувь нь төрийн тусгай албан хаагч, 9 хувь нь төрийн үйлчилгээний албан тушаалтан буюу төрийн албан хаагчид 77 орчим хувийг эзэлж байгаа аж.
Байнгын хорооны тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах болон хавсралтыг шинэчлэн баталснаар 2014 оны бүрдүүлэлтээр мэдүүлгээ бүртгүүлсэн 51579 мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудаас 16947 мэдүүлэг гаргагч буюу 32.8 хувь нь хасагдаж, 34632 албан тушаалтан буюу 67.2 хувь нь мэдүүлэг гаргаж байхаар тооцсон байна.
Үүнд төрийн тусгай байгууллагын “ТТ” ангилал, зэрэглэлийн 16400 орчим мэдүүлэг гаргагчаас 7103 мэдүүлэг гаргагч буюу 43.3 хувь нь, төрийн захиргааны байгууллагын “ТЗ” ангилал, зэрэглэлийн 18600 орчим мэдүүлэг гаргагчаас 7795 мэдүүлэг гаргагч буюу 41.9 хувь нь, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтны хувьд 4700 орчим мэдүүлэг гаргагчаас 1652 мэдүүлэг гаргагч буюу 30.6 хувь нь, мөн зарим улс төрийн албан тушаалтан болох 423 мэдүүлэг гаргагч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “АА” зэрэглэлийн 140 орчим мэдүүлэг гаргагч цаашид мэдүүлэг гаргах шаардлагагүй болох аж.
Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах хүний тоог цөөлөх санааг дэмжиж байна гээд бүр цомхон болгох боломж бий юу хэмээн тодруулж байлаа. Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, сум, дүүргийн ИТХ-ын гишүүдийг мэдүүлэг гаргах хүмүүсийн жагсаалтаас хасч, зөвхөн Тэргүүлэгч гишүүдийг үлдээвэл мэдүүлэг гаргагч албан хаагчдын тоо 5000 орчмоор багасах тооцоо гарсан ажээ. УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж Ц.Оюунбаатар мэдүүлэг гаргаж байгаа төрийн албан хаагчдын тоог цөөлөх нь зөв, мэдүүлэг авч байгаа маягтууд нь бөглөхөд хүндрэлтэй байдаг, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг өөрчлөх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж байлаа. Гишүүд асуудлыг ийнхүү хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай” Хууль зүйн байнгын хорооны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах Хууль зүйн байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Мөн өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Х.Бум-Эрдэнийг томилох тухай асуудлыг хэлэлцээд олонхын саналаар дэмжсэн. Түүнчлэн Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг, Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг томиллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.