УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.12.23/ хуралдаанаар Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцлээ. Ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийг ахалж ажилласан Р.Бурмаа гишүүн танилцуулсан юм.
Ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Шүүгчид мэргэжлийн нэмэгдэл олгох журам батлах тухай” , “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар дүгнэлтээ гаргасан бөгөөд дээрх төслүүдэд тусгаснаар шүүгчдийн цалин Монгол Улсын Ерөнхийлөгчийн цалинтай ойролцоо, УИХ-ын даргын болоод Ерөнхий сайдын цалингаас өндөр байгаа нь зүйд нийцэхгүй гэж үзсэн байна. Түүнчлэн Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 2011 оны 54 дүгээр тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учир бүх шатны шүүгчдийн цалингийн хэмжээг тогтоох бүрэн эрх УИХ-д хадгалагдаж байна хэмээн дүгнэжээ. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай 2013 оны 12, 16, 45 дугаар тогтоолуудаар өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн гэж Ажлын хэсэг үзсэн байна.
Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаагийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, шүүгчдийн цалинтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрээр шүүгч нарт олгох цалинд 2014 онд 15 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүний араас Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг 4.5-4.6 сая төгрөгөөр тогтоох санал орж ирж байна. Энэ бол албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг хэмээсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Номтойбаяр З.Баянсэлэнгэ нар хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол хариуцлага тооцох асуудлын ярих ёстой гэсэн байр суурьтай байсан.
Энэ үеэр гишүүд, тухайлбал УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ц.Оюунбаатар нар ганц шүүгчид бус прокурор, цагдаа, тагнуул зэрэг гүйцэтгэх ажилтнуудын асуудлыг ч орхигдуулж болохгүй гэлээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны тогтоолоор баталгаажуулах, Байнгын хорооны тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн хариуцлагын асуудал ярих, одоо мөрдөж буй УИХ-ын 2011 оны 54 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулан шүүгч, прокурор, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалингийн асуудлыг нэг мөр шийдэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан бөгөөд Байнгын хорооны тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн хариуцлагын асуудал ярих гэсэн саналаас бусад нь олонхын дэмжлэг авлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.