“Шинэ үе” продакшны жүжигчин болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Эрүүгийн хэргийн II шүүхэд боллоо. Давж заалдах шатны шүүхээс Ц.Алдармаа нарын хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин шинжээч томилон магадлахыг үүрэг болгосон. Үүний дагуу шинжээчийн дүгнэлтэд өөрчлөлт орсон эсэхийг тус шүүхийн Олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтан Н.Баттогтохоос тодруулахад “Шинжээчдийн дүгнэлтээр өмнө нь Д.Оюунтуулын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзсэн бол энэ удаад хүндэвтэр гэмтэл учруулсан гэж гарсан юм билээ.
Гэхдээ хэргийн зүйл заалт өөрчлөгдөөгүй. Өмнөх шүүгдэж байсан зүйл ангиар буюу Эрүүгийн хуулийн 96.1 дэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шүүх хурал товлогдоод байна. Өөрөөр хэлбэл, Ц.Алдармааг бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан, хөдөлмөрийн чадварыг алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх заалтаар шүүгчдэгчээр татсан” гэсэн юм.
Ийнхүү шинжээчийн дүгнэлтэд өөрчлөлт оруулснаар хүнд гэмтлийг хүндэвтэр гэж дүгнэснээр Ц.Алдармаад оноосон долоон жил 10 хоногийн ялыг хөнгөрүүлэх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчид нь үзэж байгаа юм байна. Дашрамд дурдахад, жүжигчин Д.Оюунтуулын БНСУ-д эмчлүүлэх зардлыг Ц.Алдармаагийн ар гэрийнхэн гаргаж, эмчлүүлж байгаа юм. Шүүх хурал өнөөдөр дахин 10 хоног хойшлох шийдвэр гаргасан бөгөөд шинжээчид хүнд гэмт хэргийг хүндэвтэр гэж үзсэнийг прокуророос зөвшөөрөөгүй тул ийнхүү дахин шинжээчийн багийг энэ хэрэг дээр ажиллуулахаар болсон байна.