Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, “Гал үндэстэн холбоо”-ныхон хамтран “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж, өнгөрөгч сарын 30-нд тус холбооны гишүүн С.Дашцэрэнг нас барсныг дуулгалаа. Тэрээр Г.Болдбаатар, Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар нартай хамт ял эдэлж байсан бөгөөд ийнхүү өвчний улмаас өөд болсон байна.
Оны өмнөхөн Ц.Мөнхбаярын бие муудсан талаар мэдээлж байсан бол одоо 421 дүгээр ангид хоригдож байгаа Г.Болдбаатарын эрүүл мэнд тун муу байгаа аж. Энэ талаар хурал зарлагсад “Тогтоол гүйцэтгэх нэгдсэн эмнэлэг, Улсын клиникийн гуравдугаар эмнэлгийн дүгнэлтээр Г.Болдбаатарыг эрүүл мэндийн хувьд ял эдлэх боломжгүй гэж үзсэн ч шинжээч эмч нар нь эсрэг дүгнэлт гаргаж шоронгоос чөлөөлөхгүй байгаа” гэж мэдээлсэн юм.
Түүнчлэн тэдний ярьснаар өнгөрсөн 2014 онд нийт 56 хүн шоронд өвчний улмаас өөд болсон бөгөөд энэ бүгдийн шалтгааныг Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 313, 316 дугаар тушаалтай хамаатган үзэж байгаа юм байна. “Гал үндэстэн" холбоо нь өвчний улмаас амиа алдсан С.Дашцэрэнгийн үхлийг хууль шүүхийн байгууллага буруутай гэж үзэн С.Дашцэрэнгийн амь насыг нэхэхээ мэдэгдсэн юм. Түүнчлэн С.Дашцэрэнгийн гэр бүл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал хүргүүлсэн байна.