ОУВС-ийн ерөнхийлөгч Доминик Страусс-Кан хүчингийн хэргээр буруутгагдан Нью-Йорк хотноо саатуулагдсан байна. Гэсэн ч Страусс-Каны өмгөөлөгч нь түүнийг буруугүй гэж үзэж байгаа юм байна
Олон Улсын Валютын сангийн ерөнхийлөгч, Францын эдийн засагч, хуульч, улс төрч, Доминик Страусс-Кан хүчингийн хэргээр буруутгагдан Нью-Йорк хотноо саатуулагдсан байна. Страусс-Каныг буудаллаж байсан Софител нэртэй люкс зочид буудалд нэгэн эмэгтэйг хүчирхийлэх гэж оролдсон гэж буруутгаад байгаа юм байна. Түүнийг Нью-Йоркийн Жон Кеннеди нисэх буудлаас Парис руу хөөрөх гэж байхад нь саатуулжээ. Страусс-Кан өөрийг нь хүчирхийлэх гэж оролдсон гэж 32 настай эмэгтэй мэдүүлээд байгаа. Харин Страусс-Каны өмгөөлөгч үйлчлүүлэгчээ ямар ч буруугүй гэж мэдэгдээд байгаа юм. Болсон явдлын дараа Страусс-Кан цагаасаа өмнө буудлаас гарсан гэж цагдаа нар мэдэгдээд байгаа юм. 62 настай Страусс-Каны бүрэн эрхийн хугацаа дараа жил дуусна. Хэрэв эмэгтэйг хүчирхийлэх гэж оролдсон нь нотлогдвол дэлхийн нэр хүндтэй байгууллага Олон улсын валютын сан ичгэвтэр байдалд орно. Энэ мэдээ тархсан даруйд францчууд шоконд оржээ. Учир нь Страусс-Кан дараа жилийн ерөнхийлөгчийн сонгуульд Францын Социалист намаас нэр дэвших магадлал өндөр байсан юм. 2008 онд Страусс-Кан мөн Олон улсын валютын сангийн ажилтан, эдийн засагч эмэгтэйтэй бэлгийн харьцаатай байсан нь батлагдсан. Гэхдээ албан тушаал эрх мэдлээрээ дулдуйдан эмэгтэйг бэлгийн дарамтад байлгаагүй гэдэг нь нотлогдож уучлалт гуйж байсан байна. 32 настай эмэгтэйг хүчирхийлэх гэж байсан нь нотлогдсон ч, үгүй ч Олон Улсын Валютын сангийн ерөнхийлөгч Доминик Страусс-Каны нэр хүнд маш ихээр унаж байна гэж зарим ажиглагчид үзэж байна.