logo
Д.Ганхуяг гишүүн

Д.Ганхуяг гишүүн "Өвсний үндэс" хөтөлбөрийг өөрийн компани болгожээ

2011/05/17
Гадаад улс орнуудаас манай улсад үзүүлсэн нийт тусламж дэмжлэгийн 70 гаруй хувийг Япончууд өгсөн гэж бодохоор тэдний өгөөмөр сэтгэлд талархаад ч баршгүй. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Өнгөрсөн зууны сүүлчээр монголчууд зах зээлийн нийгэмд шилжиж дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр бараа байхгүй үед хамгийн түрүүнд арлын орны ард иргэд өгөөмөр гараа сунгаж байсан. Одоо ч тэд өөрсдөө цунамид нэрвэгдэн эдийн засаг нь хүнд байхад амласан тусламжаа хэрэгжүүлэхээ мэдэгдэж, өр нимгэн нэгий маань нулимсыг шархируулж байна. 1991-2004 оны хооронд манай улсад Япончуудын үзүүлсэн тусламж 131 тэрбум 625 сая иен хүрсэн нь үүний нэг тод жишээ.
Харамсалтай нь Япончуудын харамгүй сэтгэлийн үзүүр дээр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг эзэгнэн суучихаад, тусламж дэмжлэгийг өөрийн өврөөс гаргасан хөрөнгө мэт үзэх болж. Японд боловсрол эзэмшсэн, Япон-Монголын парламентын холбооны тэргүүн энэ эрхэм эзэмшсэн мэргэжил, албан тушаалаараа гул барин “Өвсний үндэс” хөтөлбөрийг өвөртөлж орхисон нь энэ.
 Зөвхөн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд эв хамтын найрамдалт харилцаатай Японы Засгийн газар 2004-2008 оны хооронд хот хөдөөгийн 60 гаруй ерөнхий боловсролын дунд сургуулийн барилгын болон өргөтгөл засварын төсөл хэрэгжүүлснээс 34-ийг нь Д.Ганхуяг гишүүний хувийн компани “Бридж констракшн” гүйцэтгэсэн байх нь түүнийг энэ бизнесээр хэр хол явсныг тайлбаргүй харуулна. Хэргийн учир нь тус хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн  барилгын ажлын тал хувийг Д.Ганхуяг гишүүн өөрийн компаниараа хийлгэсэнд байгаа юм биш. Тэрбээр ийн эрх мэдэл сүр хүчээрээ далайлгахдаа тусламжийн мөнгөнөөс талыг нь шахуу халаасалж нэг сургуулийг барилгыг зах зээлийн үнээс 2-3 дахин өндөр үнээр барьдаг нь хэвлэлээр илчлэгдэж хууль хяналтын байгууллагын овоо хараанд өртжээ.
Засгийн газар болон Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас 320 хүүхдийн багтаамжтай, спорт заалтай Ерөнхий боловсролын нэг сургуулийн барилгыг 1.5 тэрбум төгрөгт багтааж барих тооцоо гаргасан байдаг. Гэтэл “Бридж констракшн” ийм хэмжээний сургуулийн барилгыг гурван сая ам.доллар-аар барьж байгаа нь хэний ч хар сэрийг эрхгүй төрүүлж хуулийнхныг араасаа шиншлүүлэхэд хүргэсэнд гайхах юм алга. Хувь хүн өөрийнхөө нэр төр, эзэмшсэн боловсролоор ямар бизнес хийх нь хэнд ч падгүй. Гагцхүү тусгаар тогтносон улс орны нэр барьж, тусламж дэмжлэг авч байгаа нэрээр биднийгээ гурав худалдаж идэж байгааг зөвтгөх арга алга.  
Д.Ганхуяг гишүүний гараар “Өвсний үндэс” хөтөлбөр шүүгдэн гарч түүний харцны аясаар энэ хөтөлбөр хэрэгждэг нь хэдийн ил болсон үнэн. Гэтэл тусламжийн юм гэхээрээ л олны хараанаас огт ангид байдаг гэж бас ойлгож боломгүй. Үүний цаанаа монголчуудын эрх ашиг байгааг хэн хүнгүй л мэднэ. Үнэгүй мах зөвхөн оготнын хавханд байдаг гэдэг. Тиймээс үүнийхээ хариуг монголын тавар төлөгчид ямар нэг хэмжээгээр барьж байгаа нь ойлгомжтой. 
Нөгөөтэйгүүр энэ ертөнцийн хаана ч илүүдээ гарсан сохор зоос ч байхгүй. Японы ард түмэн Монголын хойч үеийн боловсролд ширхэг тоосго ч болтугай нэмэрлэхээр хуруу хумсаа хуйхлан шударга хөдөлмөрөөрөө хураасан хөрөнгөнөөсөө илүүчилсэн л байх. Харин тэдний энэхүү итгэл сэтгэлийг наашаа харж инээсэн “муур багш” зооглож байгааг мэдвэл сайхангүй л байх. Харь элэгийн хүмүүс миний нутгийн үр хүүхдийн боловсрол, хөгжилд сэтгэл гарган туслаж дэмжиж байхад ард түмнийхээ өмнө эх оронч шударга дүр эсгэн, сайн сайхан бүхнийг уйлтал ярьж төрд гарсан төрийн түшээ хүн хумсаа нуусан муур шиг “хулгай” хийж байгааг хэлж сануулах нь хэвлэлийн үүрэг. Нэг сургууль барихад л хоёр тэрбум төгрөг халааслаад байвал УИХ-ын гишүүний ажил ямар унацтай нь харагдана. Ийм унацтай ажилд орох хүн тойрог хэсгийн хороодын дарга нарын гарыг нь ганц ганц экселээр мялаах нь арга ч үгүй биз. Эрхэм гишүүнийг 2008 оны сонгуулиар хэсгийн хорооны бүх дарга нартаа нэг нэг машин бэлэглэсэн гэж ярьдаг нь оргүй биш охинтой л үг байх нь.
 
Ш.Сонор
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш