Монголчууд хирдхийлгэсэн муухай зүйлд дургуйцэхдээ сэтгэлээ барьж чадахгүй шүлс цэрээрээ булж зэвүүцэхийг нулимах гэдэг. “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-ийн III ботийн 1397 дахь талд нулимах гэдэг үгийн утгыг тов тодорхой бичжээ. Монгол ёсонд гал голомтоо ад шоо үзэж, нус цэрээрээ булж нулимдаг ойлголт байдаггүй. Хэзээ ч тийм санаа тэдэнд төрж байсангүй. Өргөө гэрээ өөд татаж,өнгө зүстэй байлгах гэж гал голомтоо монгол үндэстэн, ястнууд ариглан хамгаалж, хойч үедээ залгамжлуулдаг уламжлалтай.
Байлгах, байлгахгүйн тухай яригдаад буй нэгэн ноцтой асуудлыг монгол үндэстний гал голомттой холбож тайлбарлахын язгуур эх сурвалж нь дараах нэгэн тодруулагатай уялдаж урган гарч ирсэн болно. Монгол улсад мэргэжлийн боловсрол гээч юм сураг чимээ ч үгүй байхад өрхөө татаж гал голомтоо асаасан айл бол “Хоршооны түр сургууль” билээ. Цаг үе нь 1924 он байв. Монгол орон 20 дугаар зууны эхэн үеэс тусгаар тогтносон улс болж, 1921 онд Ардын хувьсгал ялж түүний үр дүнд нийт ард түмний эрх чөлөөг тунхаглан боловсрол ,эрүүл мэнд, үйлдвэрлэл эдийн засгийн салбаруудыг шинэчилж эхэлсэн. Улсын анхдугаар үндсэн хууль батлагдаж мөрдөгдсөнөөр улс оронд мэргэжилтэй боловсон хүчин шаардагдаж, мэргэжлийн боловсрол түүний тогтолцооны үүслийг Хоршооны түр сургууль тавьсан. Өөрөөр хэлбэл мэргэжлийн боловсролын анхдагч гэсэн үг.
Үүнээс уламжлаад мэргэжлийн боловсролд Санхүү, Гаалийн сургуулиуд нэмэгдэж тусгай мэргэжилтэй боловсон хүчнүүдийг бэлтгэж эхлэсэн эдгээр сургуулиуд өнөөдөр 90 жилийнхээ түүхийн алтан босгыг давав. Хоршоо (Худалдаа), Санхүү, Гаалийн сургуулиудыг мэргэжлийн боловсролын тулгын гурван чулуу гэдэг байлаа. Энэ үед монголд Их дээд сургуулийн үнэр ч гараагүй байв. Гэтэл дээрх тулгын гурван чулууны нэгэн болох Худалдаа, Үйлдвэрлэлийн Дээд сургууль мэргэжлийн сургалтыг 90 жил явуулсан атал Төр засагт хялайлгуулж, түүх, замналаа бусниулуулаад байна. Хоршоо, худалдааны сургууль 90 жилийнхээ түүхийн хугацаанд 30 гаруй мянган мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчид бэлтгэж, монгол орныхоо аж ахуйн бүх салбаруудад нийлүүлсэн байдгийг дараах хүснэгтээс үзнэ үү.
Он |
Сургуулийн нэр |
Төгсөгч- дийн тоо |
Төгсөгчдөд олгосон мэргэжил |
1924-1925 |
Хоршооны түр сургууль |
18 |
Нягтлан бодогч, дансны ажилтан |
1925-1931 |
Хоршооны сургууль |
626 |
Данс хөтлөгч, түүхий эд бэлтгэл, ангийн үсний болон бараа судлалын мэргэжилтэн |
1931-1937 |
Төв кооператимын сургууль |
771 |
Нягтлан бодогч, төлөвлөгч тоо бүртгэгч, түүхий эдийн мэргэжилтэн, Анхны хоршооны дарга |
1937-1952 |
Худалдааны техникум |
1730 |
Нягтлан бодогч, түүхий эдийн эрхлэгч, барааны мэргэжилтэн, худалдагч |
1952-1960 |
Хоршооны техникум |
1582 |
Үндсэн гол долоон мэргэжил,5 курсын мэргэжээр |
1960-1990 |
Худалдааны техникум |
11654 |
Үндсэн 7 мэргэжил, курсын 6 мэргэжээр |
1969-2014 |
Худалдааны ТМС,Техникийн дунд сургууль |
9531 |
Худалдагч, нярав, кассчин, тогооч зөөгч, брокер агент, нарийн боовчин, засварчин зэрэг мэргэжлээр |
1991-1996 |
Зах зээлийн коллеж |
1223 |
Худалдаа, бэлтгэл, нийтийн хоолны салбарын мэргэжлүүдээр |
1996-2010 |
Худалдаа, Үйлдвэрлэлийн Дээд Сургууль (ХҮДС) |
7218 |
Нягтлан бодогч, үйлдвэрийн менежмент, зочид буудал, аялал жуулчлал, худалдааны менежмент,ОУ худалдаа, банк, даатгалын эдийн засаг, Мэдээлэл зүй математик эдийн засаг (Эконометрикс), Эрх зүй зэрэг 10 гаруй төрөл мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй |
Манай орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн 1991-1996 онуудад Худалдааны техникум, Худалдааны техник мэргэжлийн сургууль, Мэргэжил дээшлүүлэх байнгын курс гурвыг нэгтгэн “Зах зээлийн коллеж” болгосон. Монгол улсын мэргэжлийн боловсролын ууган сургуулиас зах зээлийн коллеж болсон энэ сургуулийг Монгол улсын Боловсролын Сайдын 1996 оны 8-р сарын 16-ны өдрийн 02 тоот тушаалаар Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль (ХҮДС) гэсэн нэртэй болгосноор Дээд Сургуулийн статустай эрдмийн алтан уурхайг байгуулсан.
Тус сургууль Монголын ард түмний дунд мэргэжлийн боловсрол олгодогоороо нэр хүндтэй, олонд танигдсан сургууль байлаа. Гэтэл энэ сургуулийн түүхэн гавьяаг бодож үзсэн нэгээхэн удирдагч байхгүй бөгөөд харин ч зах зээлийн эдийн засгийн нөхцөлд хамгийн эрэлттэй 16 хөтөлбөртөй 3000 гаруй оюутан 250 гаруй эрдэмтэн багш, туслах болон үйлчилгээний ажилчидтай 4,5 тэрбум төгрөгний үндсэн хөрөнгөтэй 3,2 тэрбум орчим төгрөгийн орлоготой, төрөөс ямарч татаас дэмжлэг авалгүйгээр өөрийгөө бүрэн санхүүжүүлдэг сургалт-эрдэм шинжилгээний байгууллагыг МУИС-д нэгтгэх нэрийдлээр “Нулимж”устгав. Энэ сургууль нь хотын “А”зэрэглэлийн бүсд хичээлийн 2 корпус, оюутны дотуур байртай, Баянхонгор аймагт салбар сургуультай, эрдэм шинжилгээний болон оюутанд зориулсан 4 номын сантай, сургалтандаа кредит цагийн тогтолцоог бүрэн нэвтрүүлсэн, сургалтын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөр нь бусад их дээд сургуулиудтай зэрэгцүүлэхэд давна уу гэхээс дутахааргүй өндөр түвшинг эзлэж байв. Мөн оюутанд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ, онлайн номын сан, оюутны бие даан ажиллах өрөө, Е-тестийн төв, Е-журнал, оюутан бие дааж хичээл болон багшаа сонгох боломжтой, ”Unufase” программ, стандарт шаардлагыг бүрэн хангасан 8 кабинет лабораторитой, багш судлаачдын эрдэм шинжилгээний судалгааны ажлыг хөгжүүлэх зорилготой судалгааны том төв зэрэг орчин үеийн мэргэжлийн сургалтын чанарлаг үндсэн бүтцийг задлан үгүй хийлээ.
Засгийн газар ямар ч судалгаа, бодлогогүй, хэн нэгний эрх ашигт нийцүүлэн 15-р тогтоол гаргасныг хэрэгжүүлэх нэрээр БСШУЯ-ны Сайд 319 дүгээр тушаал, МУИС-ын удирдах зөвлөл 2010 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 10/2 тоот тогтоол гаргаж, Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийг МУИС-ийн Худалдаа Үйлдвэрлэлийн сургууль болгосноо удаа ч үгүй 2014 онд МУИС-ийн Бизнесийн сургуульд нэгтгэн голомтыг нь устган, голыг нь тасалсан тун харамсалтай үйлдэл хийвээ.
Голомт тасрах (Үе залгамжлах хүнгүй болох)-ын гуниг, гутамшигтай байдал төрхийг Монгол хүн бүхэн эмзэглэн сонсч, эгдүүцэн ойлгодгийг бид тов тодорхой мэднэ. Энэ ойлголт нь тус сургуулийн оюутан, багш, ажилчид, МУИС-ийн Бизнесийн сургуульд харьяалагдаж байгаа үгүйгээ ойлгож ядан хагас километр шахам байруудын хооронд хурдны морьд шиг “Дэргүүлэн” хичээл хожимдох, хичээлд тайван сууж багшийг сонсох, багш нь оюутандаа шаардлага тавьж сургалтын бодитой үнэлгээ өгөх зэрэг байдал төрх бараг мартагдахад хүрчээ.
Энэ устгалт сайн юм ер авчирах шинж алга. Сургалтын технологи тогтвортой мөрдөгдөхгүй болов. Багш, оюутнууд тайван амгалан суралцах нөхцөлгүй хангагдсангүй. Бие даасан идэвхтэй, чанартай сургалт явагдахгүй болов. Судалгаа- шинжилгээний дорвитой ажил зогсонг байдалд орж, агуулга, мөн чанар нь алдагдах болов. Ийнхүү Монгол улсын Засгийн газар, хариуцсан яам, Их дээд сургуулиудыг удирдан жолоодож байгаа эрхэмсэг ноёд, хатагтай нар улс үндэснийхээ түүх уламжлалт залгамж чанарыг бодож үзэх сөгөөгүй болжээ.
Хувийн эрх ашигаа нийгмийн эрх ашигаас дээгүүр тавьж, ёс зүйгүй аашилдагаас мэргэжлийн боловсролын ууган сургуулийн нэгийг алагчлан алга болгох нь хэнд ашигтай юм бэ?! Худалдааны сургууль Санхүү эдийн засгийн дээд сургуулиас юугаараа дутаад байгаа юм. Худалдаа, хоолны салбаргүйгээр улс орон хөгжинө гэвэл том эндүүрэл!!! Хоол хүнсний хордлогоос салахгүй байгаагаа хараач. Бараа материалын чанар байдлыг мэддэг хүнгүй боллоо. Байснаа устгана гэдэг ямар их балагтай байдгийн жишээг аж үйлдвэрээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ орхисон, барааны биржийн үүрэг гүйцэтгэж байсан орон нутгийн бөөний худалдааг устгасан, одоо нэр нь ондоо болохоос биш ,худалдааны бирж, түүхий эдийн бирж байгуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх , атрын аян зохиох гэдэг чинь түүнтэй агаар нэг, амьсгал адил юм.
Гайныхаа бага дээр, газрынхаа ойр дээр худалдааны сургуулийг устгах гэсэн санаагаа эрхэм эрх мэдэлтнүүдийг татаж аваач гэж “Монголчууд гал голомт руугаа нулимдагүй” хэмээх эсэргүүцлийн бичгийг бичив. Боловсролоор бүү тогло! Монголын мэргэжлийн боловсролын үндсийг тавьсан, боловсролын тогтолцооны анхны тулгын гурван чулууны нэг ууган сургуулийг минь буцааж байгуул! Эл шаардлагыг олон түмний зүгээс сонордуулья.
Доктор.проф. Н.Агваан
Проф. Ч.Онгоодой