logo
Б.Обама өнөөдөр нь шоглоод л маргааш нь шагнаад л...

Б.Обама өнөөдөр нь шоглоод л маргааш нь шагнаад л...

2011/09/26
Өнгөрсөн Мягмар гарагт буюу 9-р сарын 21-нд НҮБ-ын чуулганы үеэр төрийн тэргүүнүүдийн авахуулсан зураг дуулиан тариад байгаа юм. Дуулианы гол эзэд нь Б.Обама манай ерөнхийлөгч хоёр. Тэд зурган дээр зэрэгцэж зогссон ч Б.Обама манай Элбэгээ ерөнхийлөгчийн нүүрийг таглачихсанаар хамаг хэрэг мандаад байгаа. Харин энэхүү зурагны дуулиан гарсаны маргааш буюу 9-р сарын 22-нд АНУ-ын Гадаад бодлогын нийгэмлэг, Ардчиллын төлөөх Америкийн Үндэсний сангаас манай ерөнхийлөгчид “Эрх чөлөөний төлөө” Тэргүүн шагнал хүртээв. Уг шагналыг гардуулах ёслолын ажиллагаа - хүндэтгэлийн зоог Нью Йорк хотын “Сант Регис” зочид буудалд болж 100 орчим зочид төлөөлөгч оролцжээ.
АНУ-ын “Харфорд сан”-гийн Удирдах зөвлөлийн дарга Роберт Миллер ёслолын ажиллагааг нээж  хэлсэн үгэндээ “Монгол орныг 70 жилийн турш удирдан залж байсан дэглэмийг  шинэ нийгмээр солих тэр үйл явц тайван замаар хийгдсэн нь монголын ардчиллын нэг гайхамшиг. Дараа нь монголчууд хүний эрх, эрх чөлөөг хангасан, чөлөөт  зах зээлийн эдийн засгийг дэмжсэн шинэ Үндсэн хуулийг баталж чадсан.  Ардчиллыг шинээр тогтоосноос хойш 20 жилийн дараа энэ улс Ардчиллын хамтын нийгэмлэгийг удирдаж байна. Өнөөдөр иргэд нь эрх чөлөөтэй, хүсэл эрмэлзэлтэй, нээлттэй засагтай, эдийн засаг нь тогтвортой өсч байгаа Монгол Улс дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Харин энэ бүх үйл явцад  Цахиагийн Элбэгдорж ямагт манлайлагч, удирдагч нь байсаар ирсэн юм” гэсэн байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийг шагнах тухай шийдвэрт  “Өөрийн улсдаа ардчиллын үйл хэргийг зоригтойгоор эхлүүлж, ардчиллыг тогтоох  үйл явцад тууштай оролцож, улс орноо амжилттай удирдаж, улмаар олон улсын тавцанд ардчиллыг бэхжүүлэх үйлсэд идэвхтэй оролцож байгаагийн төлөө  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж таныг  “Эрх чөлөөний төлөө” Тэргүүн шагналаар шагнаж байна” гэжээ. Шагналыг Ардчиллын төлөөх Америкийн үндэсний сангийн Ерөнхийлөгч Карл Гершман Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулан өгч гэнэ. Харин манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуд нь АНУ-ын Гадаад бодлогын нийгэмлэг, Ардчиллын төлөөх Америкийн Үндэсний сангийн шийдвэрт талархаж байгаагаа илэрхийлж, ардчилал, хүний эрх эрх чөлөөг бататгахын төлөө тууштай зүтгэх болно гэжээ.
Үйл явдлын дараалал ямар халуухан, ямар хурдтай өрнөж байна гэж бодогдохоор юм. Манай ерөнхийлөгч үнэхээр ардчиллын алтан хараацай гэдгийг дэлхийд хүлээн зөвшөөрч байна аа, сайхан хэрэг. Гэхдээ л цаг үеэ хэтэрхий олчихсон мэт хардлага төрөөд болж өгөх биш. Ялангуяа том гүрний ерөнхийлөгч манай төрийн тэргүүнээр тохуурхсан энэ зурагнаас хойш АНУ зүгийн юуг ч харддаг, сэжиглэдэг болчихоод байна. Өнөөдөр нь тохуурхаад маргааш нь шагнаад л. Маниар ч нэг л наадаж өгч байгаа юм шиг санагдаад байна. Монголын ардчиллын эцэг гэдгийг гэнэт тэр өдөр ухаараад шагнаагүй л байх л даа. Гэхдээ л 20 жилийн хугацаанд бол хэд хэдэн удаа шагнаж болохоор санагдаж байна. Зөндөө л олон удаа хурал зөвөлгөөн, айлчлал уулзалтаар Америкийг зорьсоор ирсэн шүү дээ манай төрийн тэргүүн. Тиймээс ч АНУ-ын ерөнхийлөгчийн санаатай санаагүй алдаа энэ шагналаар цагаадчихгүй байлгүй гэж найдахаас. 
Э.Болор www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш