Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн Нийслэлийн төсвийн хөрөгөөр хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 149 тэрбум 501.7 сая, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 30 тэрбум 944.2 сая, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 38 тэрбум 604.5 сая төгрөг, нийт 219 тэрбум 50.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр төлөвлөлөө. Харин Улсын төсвөөс 164 тэрбум төгрөгийн ажил хэрэгжүүлэхээр төсөв батлагджээ. Мөн 2015 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд өнгөрсөн оноос шилжин хэрэгжиж байгаа төслүүдийг дуусгаж ашиглалтад оруулах, орон нутгийн концессоор хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдийн эргэн төлөлтийг санхүүжүүлнэ. Ингэхдээ барилга, байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, бусад бэлтгэл арга хэмжээ хангагдсан байх шаардлагыг гол шалгуур болгох юм. Харин хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ирэх онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн бэлтгэлийг хангах зорилгоор шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах, газар чөлөөлөх ажилд дараахь байдлаар нийт 12,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулна.
- Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн Ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөр, мастер төлөвлөгөө боловсруулахад- 3,5 тэрбум төгрөг,
- Шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулахад- 2,0 тэрбум төгрөг ,
- Газар чөлөөлөх, нөхөх олговорт- 7,0 тэрбум төгрөг,
- Нийслэлд шинээр орон сууцны хорооллуудыг барьж байгуулах, инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангахад 17 тэрбум 642,7 сая төгрөгөөр инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
НИЙСЛЭЛИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЛБАРТ 2015 ОНД ХИЙГДЭХ ТОМООХОН АЖЛУУДЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХАВСРАЛТ ХЭСГЭЭС ТАТАЖ АВНА УУ.