2015-2016 онд мөрдөж ажиллах Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр байгуулах ажил амжилттай өндөрлөж, талууд хэлэлцээрийн бичиг баримтад гарын үсэг зурсан байна.
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэлэлцээрт 70 санал ирүүлснийг зургаан бүлэг 53 асуудал болгон нэг бүрээр нь хэлэлцжээ.
Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрт улсын хэмжээнд дагаж мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлын талаар зөвшилцөх, эдийн засгийн хямралын нөхцөлд хэлэлцээр байгуулахад төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхгэхээс илүүажлын байрыг хадгалах, хүн амын орлогыг хамгаалахад санхүү, эдийн засгийн бусад арга хэрэгслийг ашиглах зэрэг зарчим баримтлах нь зүйтэй гэсэн байр суурьтай оролцсон байна.
МҮЭ-ийн төлөөлөл төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 60 хувь өсгөх шаардлага тавьсан. УИХ, намын бүлгүүдтэй яриа хэлэлцээр өрнүүлж, энэ онд төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 90 тэрбум, тэтгэвэр нэмэгдүүлэхэд улсын төсвөөс нийгмийн даатгалын санд олгох татаасыг 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 2015 оны төсвийн тодотголд тусган УИХ-аар шийдвэрлүүлэхээр боллоо гэж Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хэллээ.
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар тусгасан, мөн “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулсан нь өмнөх хэлэлцээрүүдээс онцлог боллоо гэж талууд тайлбарлалаа.
Уг санамж бичиг нь нийгэмд тогтвортой байдлыг хадгалах замаар ажлын байрыг хамгаалах, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин орлогыг бууруулахгүй байх, эдийн засгийн хямралыг богино хугацаанд даван туулахад нийгмийн түншлэлийн талуудын оролцоог хангах зорилготой ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.