logo
МЗХ-ны ерөнхий зөвлөлийн хурал боллоо

МЗХ-ны ерөнхий зөвлөлийн хурал боллоо

2015/01/19

Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа хийхээр төлөвлөөд байгаа. Сар бүрийг өөрийн нэршилтэй болгож, залуусын дунд уриалга өрнүүлэх бөгөөд нэгдүгээр сарыг “Гарааны сар” болгон зарлаж энэ сард бүх залуулуучууд 2015 оныхоо ажлыг төлөвлөхийг уриалсан юм. Тэгвэл өнөөдөр МЗХ Ерөнхий зөвлөлийн хурлаа хийлээ. Хуралд 21 аймаг, 9 дүүрэг, салбар хороо холбоодын бүхий л тэргүүнүүд оролцож 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тавьж, 2015 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулахаас гадна МЗХ-ны дүрмийн төслөө хэлэлцлээ.

Өнгөрсөн онд МЗХ-ны гүйцэтгэх хорооноос хийж хэрэгжүүлж байгаа бүхий л ажлыг орон нутагт давалгаалж залуучуудыг нэгтгэж, МЗХ холбоо гэхэд хаана ч хүлээж авах хэмжээний болж чадсан нь өнгөрсөн 2012 оноос хойш залуучууд уйгагүй ажилласны үр дүн юм.  Өнөөдөр 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, салбар хороо холбоод үйл ажиллагаагаа эрчимжүүлж, идэвхижүүлж, хүрээгээ улам бүр тэлсээр байна.  

Өнөөдрийн “Ерөнхий зөвлөлийн хурал”-аар хамгийн сайн ажилласан шилдэг салбаруудаа тодруулсан юм. Шилдэг аймгаар Б.Мөнхболд тэргүүнтэй Орхон аймгийн Залуучуудын холбоо, хоёрдугаарт Э.Энхжаргал тэргүүнтэй Дорноговь аймгийн Залуучуудын Холбоо, гуравдугаарт Г.Цоожхүү тэргүүнтэй Ховд аймгийн Залуучуудын холбоо тэргүүлсэн бол, Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны шилдгээр Н.Батбаяр тэргүүнтэй Хэнтий аймгийн залуучуудын холбоо, салбарын тэргүүн байрт Н.Мөнхбаясгалан тэргүүнтэй Авто замчин залуучуудын холбоо шалгарлаа. Дээрх шалгарсан аймаг, салбар холбоод бол 2014 онд орон нутагтаа, салбартаа маш олон залуучуудыг нэгтгэж, залуучуудын дуу хоолойг төр засагт хүргэх, тэдний байр суурийг бэхжүүлэх, идэвхижүүлэх бүхий л үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм. 

Ерөнхий зөвлөлийн хуралд оролцсон залуучуудыг МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр залуучууд тулгамдаж байгаа асуудал болоод цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, харилцан санал солилцсон юм.  Ингээд Ерөнхий зөвлөлийн хурал өндөрлөхөд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат хэлэхдээ “Монголын Залуучуудын Холбоо бол залуучуудын үндэсний төв байгууллага.

Энэ байгууллагын залуус аливаа нам, эвсэл гэж хуваагдахгүйгээр өөрийнхөө болоод гэр бүл, улс эх орныхоо төлөө чин сэтгэл зүрхээ гарган ажиллах хэрэгтэй. 2015 онд залуу хүн бүтээж, хариуцлагатай, хошуучлагч, баян залуу болохын төлөө зүтгэх ёстой. Бидний өмнө маш том үүрэг хариуцлага ирж байна гэдгийг ойлгож, ухаарах цаг нь болсон. МЗХ 2015 онд үйл ажиллагааныхаа цар хүрээг дотооддоо төдийгөө дэлхийн давцанд гаргаж, ажиллах маш том үүргийг хүлээгээд байгаа. Тиймээс бид энэ онд залуучууд юу хийж бүтээж чаддаг вэ гэдгийг үг, үйлдэл бүрээрээ харуулж, залуучуудын байр суурь, дуу хоолойг хүчтэй болгоно. Ингээд Ерөнхий зөвлөлийн хуралд оролцсон бүх залуучууддаа баярлалаа. Бүгд хариуцсан ажлаа маш сайн хийгээрэй” хэмээн уриаллаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш