logo
Сүүний бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно

Сүүний бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно

2015/01/19
Нийслэлийн Экологи, ногоон хөгжлийн салбарын Үйлдвэр хөдөө аж ахуйн чиглэлээр 2015 онд хийгдэх зарим ажлыг танилцуулж байна. Монгол Улсын Их Хурлын 2012 оны Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийн дэмжих зарим арга хэмжээний тухай 74-р тогтоолын дагуу арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах  тухай  заалт, Засгийн газрын 2013 оны  Арьс ширний үйлдвэрлэлийн талаар авах арга хэмжээний  тухай  249-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил нийслэлээс Үйлдвэр технологийн паркийн газрын асуудлыг шийдвэрлэсэн. Дээрх тогтоол, зорилтын дагуу Эмээлт болон Налайхын Үйлдвэр Технологийн Парк ОНӨТҮГ-ыг байгуулсан бөгөөд Арьс ширний үйлдвэрүүдийг  нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хийхээр  нийслэлийн 2015 оны төсөвт 2,5 тэрбум төгрөгийг тусгажээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хотын сүүний хэрэглээний 80 хувийг дотоодын  үйлдвэрлэлээр  хангах  зорилтын хүрээнд 2014 онд Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх  дэд хөтөлбөр болон бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулж батлуулсан юм. Харин 2015 онд эдгээр баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.  Мөн сүүний үйлдвэрлэлийг дэмжиж, Мал хамгаалах сантай хамтран Зээлийн батлан даалтын санг байгуулж, сангаар дамжуулан  ферм эрхлэгч, загас, тахианы аж ахуй эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах ажлыг зохион байгуулна.

Нийслэлийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах  сургалт, зөвлөмж, үзүүлэх ажлыг зохион байгуулж, цэвэр аюулгүй хүнсний ногоо, эцсийн бүтээгдэхүүнээр хангахад дэмжлэг үзүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ. Түүнчлэн Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслийг Австри Монголын хамтын нийгэмлэгтэй хамтран энэ оноос эхлэн 5 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр төсөл хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд ulaanbaatar.mn хариуцлага хүлээхгүй.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш