Нийслэлийн Сүхбаатар дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаж, өнгөрсөн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар танилцууллаа. Шилэн дансны хууль, хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангаж, 2015 оны нэгдүгээр сарын 08-ны өдрөөс эхэлж, орон нутгийн хөгжил сангийн гүйцэтгэл, дүүргийн хөрөнгө оруулалтын жагсаалт, орлого төвлөрүүлэлт, төсвийн зарлагын төлөвлөгөө зэргийг хуулийн хугацаанд нь www.sbd.ub.gov.mn, сайт болон мэдээллийн самбарт байрлуулжээ. Дүүргийн төсвийн нийт 88 байгууллага шилэн дансны нэгдсэн сайтад бүртгүүлэн нэгдүгээр сарын 10-нд төсвийн зарлагын төлөвлөгөөг байрлуулж эхлээд байна.
Мөн өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нөхцөл байдал ямар байсан талаар Цагдаагийн хэлтсүүд, Замын цагдаагийн тасаг, Онцгой байдлын хэлтсүүд мэдээлэл хийж, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтсүүд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа. Дүүргийн Эрүүл мэндийн төв нь 2014 онд хийгдсэн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрөл, чанарт гарсан өөрчлөлтөөрөө нийслэлийн оны шилдэг байгууллагаар шалгарчээ.
Мэргэжлийн хяналтын хэлтэс нь үндсэн чиг үүргийнхээ дагуу хяналт шалгалтыг явуулж зөрчил арилгуулах арга хэмжээг авч ажилласнаас гадна иргэд, байгууллагаас ирүүлсэн нийт 35 албан бичиг, өргөдөл гомдлын 28 албан бичиг өргөдлийг нь хугацаанд нь бүрэн шийдвэрлэж, 7 нь шийдвэрлэх шатандаа байгаа тухай танилцууллаа.