logo
Монгол хүүхэд зам тээврийн ослын эрсдэл дунд байна

Монгол хүүхэд зам тээврийн ослын эрсдэл дунд байна

2015/01/24

2014 онд  нийслэлд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1052 гарч, найманхүүхэд амь насаа алдаж, 1061 хүүхэд гэмтэл авчээ.

2015 оны нэгдүгээр сарын 22-ны байдлаар он гарсаар нийт 28 хүүхэд холбогдсон зам тээврийн осол бүртгэгдсэний хоёр хүүхэд нас барж 23 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна.   Насны байдлаар нь авч үзвэл сургуулийн өмнө насны 21 хүүхэд, сургуулийн насны долоон хүүхэд байгаа бол явган зорчигч хэлбэрээр долоон хүүхэд, тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ 20 хүүхэд  зам тээврийн осолд өртжээ.

Хүүхдүүд гэнэн томоогүй байдаг учраас зам дээр тоглох,  авто машины хурдыг зөв тооцоолж чадалгүй ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гүйх, гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гардаг,  асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцдог, асран хамгаалагч хамт явсан ч хүүхдээ хайхардаггүй  зэрэг нь осолд өртөх эрсдлийг бий болгож байна.

Эцэг, эх, харгалзан яваа хүнтэйгээ замын хөдөлгөөнд оролцож явах үедээ осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь томчууд бидний хайхрамжгүй байдлаас шууд шалтгаалж байна.

Мөн түүнчлэн зам тээврийн ослоор нас барсан хүүхдүүдийн талаас илүү хувь нь зориулалтын суудал, хамгаалалтын бүс хэрэглээгүйн улмаас хохирсон нь судалгаагаар тогтоогджээ. Хамгаалалтын бүс зүүгээгүй зорчигч зам тээврийн ослын үед хамгаалалтын бүсээ зүүсэн хүмүүсээс арав дахин илүү амь насаа алдах магадлалтай байдаг. Машины арын суудалд сууж явсан зорчигчид ч аюулгүйн бүс хэрэглээгүйн улмаас осолд өртөх магадлалтай. Тиймээс бага насны хүүхдийг машин дотор авч явахдаа заавал харгалзах том хүнтэй явах, хамгаалалтын зориулалтын хэрэгсэл (суудал, бүс, бүс тохируулагчийг) хэрэглэж хэвших хэрэгтэй.

Хүүхдийг урд суудалд суулгах нь ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах хамгийн том шалтгаан болдог. Хүүхдээ өвөр дээрээ аваад урд суудалд суух явдал түгээмэл байдаг, энэ нь маш буруу бөгөөд хүүхдээ зориуд эрсдэл оруулж байгаа үйлдэл юм. Та хүүхдээ хайрладаг л бол арын суудалд, хамгаалалтын бүс хэрэглэн суулгах хэрэгтэй.

Үүнээс гадна тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын Замын хөдөлгөөний хууль, дүрмийг биелүүлдэггүй, хариуцлагагүй,  хэнэггүй үйлдэл, соёлгүй зангаас шалтгаалан хүүхэд осолд өртөн гэмтэх, амь насаа алдах тохиолдол  цөөнгүй гарч байна.

 Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та бүхэнд хандаж хэлэхэд Замын хөдөлгөөний хууль, дүрмээ биелүүлж,  хариуцлагаа дээшлүүлэх, бусдыг хүндэтгэх хэрэгтэй байна. Мөн эцэг эхчүүд  хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, замын хөдөлгөөнд зөв оролцох хандлага, дадал хэвшүүлэх,  замын хөдөлгөөнд аюулгүй оролцох талаар байнга зааж зөвлөдөг байх явдал чухал байна.

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш