ӨМӨЗО-д тоглолтоор явсан хошин урлагийн “Шинэ үе” продакшныхан авто осолд орж, хамтлагийн гишүүн харамсалтайгаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Үүнтэй холбогдуулан тус хамтлагийн зүгээс Өвөрмонголын үзэгчид болоод монголчууддаа хандан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “2015 оны энэ сарын 23-ны өглөө ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэх онгоцны буудал орохоор “Шинэ үе” продакшны жүжигчид гурван авто машинд хуваагдан суусан юм. Арын машинд жүжигчин Т.Билгүүн, Р.Алтансүх, А.Энхжин нар сууж явсан. Гэтэл тэдний сууж явсан машины хажуугаас чингэлэг ачсан хүнд даацын машин орж ирж хүчтэй мөргөсний улмаас осол гарсан. Уг ослын улмаас манай жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барж, жүжигчин А.Энхжин хүнд гэмтсэн бөгөөд Р.Алтансүх гэмтэл аваагүй болно. Бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Бид маш их харамсаж байна” гэжээ.
Харин тус хамтлагийн тоглолтыг үзэхээр хүлээж байсан үзэгчдэдээ хандаж “Нэгдүгээр сарын 24-нд тоглогдох байсан “Шинэ үе” хамтлагийн тоглолтыг цуцлагдсаныг мэдэгдэж байна. Тоглолтыг үзэхээр хүлээж байсан үзэгчид тоглолт зохион байгуулах хорооноос ирж билетийнхээ мөнгийг аваарай. Бид тоглолт үзүүлэхээс илүүтэй Т.Билгүүнийхээ төлөө шимширч байна. Хүн ардыг баярлуулах үйлст хүчин зүтгэж, хамаг чадвар хөлсөө шингээсэн шилдэг хөтөлбөрүүдээ өргөн барьж ирсэн манай хамтлагийнхан хамтлагийн гишүүн Т.Билгүүндээ эрхэм дээд хүндэтгэлийг үзүүлэх ёстой. Үүнээс гадна хоёр орны хошин урлагийн төлөө уйгаггүй зүтгэж яваа зохион байгуулагчдад хүндэтгэл илэрхийлэх хэрэгтэй. Сайн хүнийг бурхан ивээх болтугай. Т.Билгүүн минь амирлангуй нойрсоорой” гэсэн мэдэгдлийг тус улсын mp.weixin.qq.com сайтаар дамжуулан хүргэсэн байна.
Одоогоор манай жүжигчид Шилийн гол аймгийн эмнэлэгт байгаа бөгөөд талийгаачийн гэр бүлийнхэн тун удахгүй Өвөрмонголыг зорих аж. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Б.Болд “Ар гэрийнхэн нь эндээс явж таарна. Тэгэхээр Эрээнд байгаа Консулын газраас хүлээн авч, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч туслалцаа үзүүлнэ” гэх мэдээллийг өгсөн юм.
Талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.