Мэргэжлийн сумогийн энэ оны анхны хацу башё үргэлжилж байна. 13 дахь өдрийн барилдаан буюу өнөөдөр Монголчууд түүхэн амжилтын гэрч боллоо. МУГТ, сүмогийн 69 дэх их аварга, Хакухо М.Даваажаргал 13 өдрийн дараах байдлаар нэг ч унаагүй башёг тэргүүлснээр ийнхүү 33 дахь түрүүгээ хүртэх боломжтой болсон.
М.Даваажаргал Японы 1700 жилийн түүхтэй сүмо бөхийн дээд түрүүг хүртсэнээр домогт Тайхосан аваргын амжилтыг эвдэж, жинхэнэ утгаар ачыг нь хариуллаа. "Хакухо" хэмээх нэр ч мөн учиртайсан. Өөрөөр хэлбэл түүний нэрийн төгсгөл дэх "-хо" төгсгөлийг Тайхо аваргын нэрээс салган авсан гэдэг.
Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд М.Даваажаргал япон озэки Кисэносатотой барилдаж, тун ойролцоо өвдөг шороодсон юм. Шүүгч нар дэвжээн дээр хэлэлцэж, дахин барилдуулахаар болсон. Хакухо энэ удаад өрсөлдөгчөө илт илүүрхэж, озэки Кисэносатот ямарч боломж олголгүй дэвжээнээс түрж гаргалаа.