logo
Нийслэлийн 140 өрхийн эмнэлэг шээсний шинжилгээний зөөврийн аппараттай болно

Нийслэлийн 140 өрхийн эмнэлэг шээсний шинжилгээний зөөврийн аппараттай болно

2015/01/30
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-ын Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци хооронд байгуулсан эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээний хүрээнд зөөврийн зориулалттай шээсний шинжилгээний аппаратуудыг Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүдэд буцалтгүй тусламжаар бэлэглэж байгаа бөгөөд төхөөрөмжүүдийг танилцууллаа.

Тус корпорацаас140 ширхэг шээсний шинжилгээний аппаратыг нийслэлийн 140 өрхийн эмнэлэгт хүлээлгэн өгөх юм. Уг аппаратууд нь цагт 700 хүний шээсний шинжилгээний хариу гаргаж,  шинжилгээний хариуг интернэт болон утсаар дамжуулан эзэнд нь хүргэнэ. Өөрөөр хэлбэл эмнэлэг дээр заавал өөрөө очиж шинжилгээний хариугаа авах шаардлагагүй болж байгаа юм. Мөн хүнд өвчтэй, хэвтэрт байгаа өвчтөн болон бага насны хүүхдийн шинжилгээг гэрээр нь очиж авах боломтой гэдгээрээ онцлогтой. Эдгээр аппарат нь 3 тэрбум төгрөгийн үнэ бүхий бөгөөд эрүүл мэндийн салбарт дэвшилттэй зүйл болж байна гэдгийг холбогдох салбарынхан хэлж байв.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө нийслэлийн эрүүл мэндийн үйлчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулж, маш том дэмжлэг үзүүлж байгаа Та бүхэнд талархалаа илэрхийлье. Та бүхний ачаар нийслэлийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ илүү хялбар хүрэхээр болж байгаад баяртай байна. Цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ. Мөн тэрээр Улаанбаатар хотын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бун, Руйсанса корпорацийн ерөнхий захирал Хо У Бүн, “Шинэ тосгон” холбооны тэргүүн Б.Жаргал нарыг нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагналаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш