logo
Дамдины Сүхбаатар илтгэх урлагийн ноён оргилуудын нэг байлаа

Дамдины Сүхбаатар илтгэх урлагийн ноён оргилуудын нэг байлаа

2015/02/02
Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Цэл залуухан насандаа, хорьдугаар зууны Монгол түүхийн догшин хүлгийг тусгаар тогтнолын мөнгөн хазаараар амгайлж, хувь заяаны алтан эрвээлж оломлож, даян дэлхийг туулах эрх чөлөөний дөрөөг нь жийлцэж, ялгуусан гавьяагаараа ард түмний сэтгэл зүрхнээ мөнхөрсөн суут хөвгүүдийн нэгэн бол Хатан зоригт Жанжин Сүхбаатар билээ. Одоогоос 122 жилийн тэртээ 1893 оны 2 сарын 2 - ны өдөр Да Хүрээний дүүрэг хот Наймаа / Одоогийн Баянзүрх дүүргийн Амгалан / -д Сэцэн хан аймгийн ёст бэйсийн хошуу / Өнөөгийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум / - ны харъяат 7 үеийн тэмцэгч Хайс овогт хуяг Дамдингийн хүү болон мэндэлжээ. Түүний төрсөн гэр буурин дээр /Түүний нэрэмжит " Жанжин клуб " ээс зүүн урагш байх / дурсгалын хөшөө босгосон байгаа. Тэрбээр 1913 онд Өвөр Монголыг чөлөөлөх дайнд хөнгөн пулёмётчинаар Хятадын хар цэрэгтэй гарамгай тулалдсан тул, Бргдын засгийн газраас 1915 онд Зоригт баатар цолоор шагнуулжээ. Түүнтэй хамт 1912 онд Ховдыг, 1913 онд Өвөр Монголыг чөлөөлөх дайнд гарамгай гавъяа байгуулсан Баргын Ж. Дамдинсүрэн ван Манлай баатар, С. Магсаржав ван Хатан баатар, Харчины гүн Бавуужав Шудрага баатар, Илийн торгуудын Сумъяа бэйс Ялгуун баатар цолоор шагнуулж, Монгол улсын анхны таван баатар болцгоожээ. Тэрбээр 1915 оноос Хужирбулангийн цэргийн сургуульд сурч, улмаар Улсын Доод хурлын гишүүн болсон болно. 1920 оноос Ардын хувьсгалын анхны долоогийн нэг болж, цэргийн эрдмээрээ онц гарамгай тул бүх цэргийн жанжин болж, 1921 оны 3 сарын 18 - нд МАЖЦ - ийг удирдан, Хиагт хотноо үүрлээд байсан 10000 гамин цэргийг цэргийн жанжны өндөр ур чадвараар бутцохистон юм. Түүний энэхүү гавъяа зүтгэлтийг 1922 онд ардын засгаас үнэлэн Ардын эрхэт хэмжээт цаазат Богд хаант Монгол улсын анхны баатар цолоор шагнаснаар хошой баатар болсон юм. Түүний хамт Хатан баатарт " Ардын " хэмээх тодотгол нэмсэн байна. Түүнийг цэргийн эрдэмд сайн байгаад зогсохгүй бичиг баримт боловсруулахдаа ч гармгай нэгэн байсныг эрдэмтэн судлаачид шинэ шинэ баримтаар тодотгосоор байна.
Монголд социализм ноёрхож байх үеийн ном зохиолд “Монгол ардын нам, Ардын төрийг үндэслэн байгуулагч, Монголын ард түмний удирдагч, аймшиггүй чин зоригт….” хэмээн түүний алдар гавъяаг бахархан дуудаг байлаа.
Хэдийвээр өнөөдөр Ардчилсан нийгэм тогтож, нэг хүнийг тахин шүтэх, бурханчлан дээдлэх ёс үгүйсгэгдэх болсон ч аль ч нийгмийн тогтолцоонд, аль ч үеийн түүхийн алтан хойморноо мөнхөд залрах түүний баатарлаг гавъяа сарнин одошгүй. Нийтийн тооллын 1893 оны хоёрдугаар сарын 2-нд түүний амьдрал эхэлсэн ч түүний түүх, монгол түмний түүхтэй хамт үеийн үед бичигдэнэ.

Дамдины Сүхбаатарын амьдралын замнал, үйл хэргийн түүх, эр зоригоороо шалгарсан нэгэн байсан тухай түүх өгүүлдэг. Ялангуяа цэргийн эрдэмд гарамгай, удирдахуйн урлагт цуутай чадварлаг уран илтгэгч байсан гэдэг. Морины давхил дунд эмээл дээрээ зогсонгоо хурц илднийхээ дохилтоор бургасны толгой алдалгүй хяргаж байсан түүний ярианы урлаг,үгийн зэмсгээр бусдыг байлдан дагуулах чадвар нь түүхэнд эрхэмсэгээр бичигдсэн байдаг.

Дамдины Сүхбаатарын “Журмын нөхдөд хандан хэлсэн үг” нь илтгэх урлагийн ноён оргилуудын нэгэн болж үлдсэн байдаг. Энэхүү үг нь”Ардын цэрэг”сонины 1925 оны 1 дүгээрт “Ган төмөр мэт мохолтгүй, баатар зоригт гавъяат жанжны гайхамшигт дурсгалтай явсан, дурсгалын товч өгүүлэл” нэртэй Х.Чойбалсангийн нийтлүүлсэн өгүүлэлд үлдсэн байна. Хожим нь түүний нэрээр нэрийдсэн ард түмний талбайн төв хэсэг нь “ширхэнцэг” уулын оргил дээр ухаа хонгор мориндоо дөрөө жийн зогсоод наран ургах зүгт хандан ард олноо уриалан буй түүний хөшөөний өлмийд хэсгээс нь сийлжээ. Үгийг дор сийрүүлбэл:

“Журмын нөхдөд хандаж хэлсэн үг”
“Манай цөөн ядуулаг Монгол улс, энэ зүйл их хэргийг оролдон тэнгэрийн дор, дэлхийн дээр эрдэмтэн хүний биеийг олж төрсөн нь гайхамшиг зохиол, эхийн хэвлийгээс гарч нялх нялзрайгаас эцэг эхийн хүмүүжүүлэн тэжээх, асралд дэгжиж өдрийг түлхэн өссөөр бие тэгшрэн, санаа олж хүмүүжсэний хойно, хэдий мэргэн, мунхаг адилгүй хүчирхэг буурай өөр боловч, аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өвсбээн /аяндаа/ тогтоно. Эв санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хураан чадна. Түүнчлэн бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ”.

Жанжин Сүхбаатарын 1920 онд хэлсэн энэ илтгэл нь хэдийгээр цөөн үгээр бичигдсэн ч ертөнцийн зүй тогтол, ард түмний зорилго, чин хүсэл, итгэл найдвар, эрч хүчний гайхамшигт уриа, эв нэгдлийн илэрхийлэл болсон дуулал юм. Яруу тунгалаг, жавхаа төгөлдөр, агуулга гүнзгий, оновчтой зүйрлэл төгс бүрдсэн энэ зүйрлэл бол Авраам Линкольний “Геттисбергийн үг”-тэй эн зэрэгцэж, Мартин Лютер Кингийн “Би мөрөөдөж байна” илтгэлтэй зиндаархаж чадахуйц монгол хүний дархалсан үгэн цамхаг юм. Энэ үгэн цамхаг цаг хугацааны салхинд нуран унашгүйгээр үл барам өнөөгийн бидэнд, өрнөх ирээдүйн үр ачид маань сургааль болон дээдлэгдэх учиртай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш