logo
Саудын Арабын хаан эмэгтэйчүүдийг

Саудын Арабын хаан эмэгтэйчүүдийг "харж үзлээ"

2011/09/27
Саудын Араб улсын удирдлагууд эмэгтэйчүүдийн эрхийн тал дээр маш нааштай алхам хийж магадгүй байна. Ням гаригт хаан Абдулла мэдэгдэл хийх үеэрээ ирээдүйд эмэгтэйчүүд зөвлөлд ажиллаж, орон нутгийн зөвлөлүүдэд нэрээ дэвшүүлэх эрхтэй болохын зэрэгцээ нэр дэвшигчдийг тодруулахад оролцох эрхтэй байх болно гэдгийг онцолжээ. Абдуллагийн шийдвэр нь эцсийн дүндээ эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрхийг өгч байна гэж олон хүн үзэж байна.
Хааны зарласан өөрчлөлт шинэчлэлт дараагийн сонгуулиас хүчин төгөлдөр болох хэдий ч сонгууль хэзээ болох нь тодорхойгүй байна.
Цагаан ордон Хаан Абдуллагийн мэдэгдлийг талархан хүлээж авчээ. "Энэхүү шинэчлэлт нь эмэгтэйчүүдийн нийгэмдээ оруулах хувь нэмрийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг төдийгүй өөрсдийн болоод нийгмийн амьдралд нөлөөлөх шийдвэрийг гаргахад оролцох шинэ боломжийг олгож байна" хэмээн цагаан ордноос гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
Зургадугаар сард маш олон Сауд эмэгтэй машинтайгаа гудамж талбайд цуглаж эх орондоо эрх чөлөөтэй жолоо барих эрх олгохыг эрх баригчдаасаа шаардсан юм. Саудын Арабад эмэгтэй хүн жолоо барихыг хориглосон хуулийн заалт байдаггүй ч зарим шашны үзлээс шалтгаалан эмэгтэй хүн жолооны ард суух нь зүй бус гэж үздэг хүн олон байдаг байна. Хуулийн байгууллагынхан 32 настай Манал Ал Шариф гэгч эмэгтэйг тавдугаар сарын 21-нд машины барьсных нь төлөө саатуулж, маргааш нь баривчилж байсан юм. Шоронд долоо хоног хоригдсон Шариф хэлэхдээ надаас жолоо дахиж барихгүй гэдэг амлалтанд хүчээр гарын үсэг зуруулсан гэжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш