Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон улсын зээл тусламж, онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг Монголын төр засаг, ард иргэд өндөр үнэлж, талархаж байдаг гэж Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны дэд Ерөнхийлөгч К.Яжиматай хийсэн уулзалтынхаа эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
Монгол, Японы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа манай улсад зээл тусламж хэлбэрээр нэг урсгалтай явж ирсэн. Цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүрдүүлэх сонирхолтой байна. Энэ шинэ шатны хамтын ажиллагаанд хоёр орны хувийн хэвшлийнхний идэвхтэй оролцоо нэн чухал. Үүнийг бүрдүүлэхэд JBIC-ийн оролцоо, дэмжлэг онцгой ач холбогдолтойг цохон тэмдэглэлээ.
Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар хэлэлцээ нь гурван жил гаруй үргэлжилсэн “Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Цаашид “Монгол Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, тухайлбал, цахилгаан станц, төмөр зам барих, төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэр байгуулах, мөн хурдны зам, метро барих зэрэгт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхлоо Ерөнхий сайд илэрхийллээ.
Таван толгойн стратегийн ордыг ашиглах олон улсын консерциумд Японы “Сүмимото” корпораци оролцож буйг Монголын тал өндрөөр үнэлж байна. Монгол Улс уул уурхайн салбарын үйлдвэрлэлд байгаль орчинд ээлтэй, Японы дэвшилтэд техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд цаашид ч Японы дэмжлэгийг авч, харилцан ашигтай хамтран ажиллах чиглэл баримтална гэж Ерөнхий сайд хэллээ.
Японы олон улсын хамтын ажиллагааны банкны дэд ерөнхийлөгч К.Яжима уулзалтын үеэр Монгол Улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурах гэж буйд талархаж байгаагаа илэрхийллээ.
Монгол улс 2013 оны 6 дугаар сард JBIC-тай экспортын зээлийн шугам байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Уг хэлэлцээрийн хүрээнд Японы экспортлогчдын бүтээгдэхүүнийг худалдан авах, Монголын импортлогчдод дэмжлэг үзүүлэх, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарын төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд 8 тэрбум иенийн зээл олгох бөгөөд энэ төслийг бодит ажил болгохын төлөө хамтарч ажиллахыг хүслээ.
Туршилтын энэ төсөл хугацаандаа амжилттай хэрэгжвэл, дараагийн шатны хөтөлбөрийг дэмжин ажиллахад бэлэн гэж ноён К.Яжима хэллээ.
8 тэрбум иенийн экспортын зээлийн шугамыг хугацаанд нь багтаж авч ашиглах, хувийн хэвшилдээ дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Төслийн хэрэгжилтэд Ерөнхий сайдын хувиар анхаарал тавьж ажиллах болно гэдгээ мэдэгдээд энэхүү төслийн үргэлжлэл болгон шинээр 300 хүртэл сая ам.долларын зээлийн шугам нээх хүсэлтийг Ерөнхий сайд уулзалтын үеэр тавьж, энэхүү боломжийг судлан үзэхийг хүслээ.