logo
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Японы “Номура шокэн” компанийн захирал бараалхлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Японы “Номура шокэн” компанийн захирал бараалхлаа

2015/02/10

“Номура холдингс” нь Азид төвтэй, 28 000 гаруй ажилтантай, олон улсын түвшинд хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулдаг, Лондон, Токиогийн хөрөнгийн биржийн арилжаанд тэргүүлэх байр суурьтай оролцдог, Азийн хувьцаа болон бондын зах зээлийн тэргүүлэгч компани юм.

Япон улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Номура шокэн” компанийн захирал, “Номура Холдингс”-ийн гүйцэтгэх захирал Кожи Нагаи бараалхаж, Японы Засгийн газартай Чөлөөт худалдааны гэрээ байгуулах гэж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ.

Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сайжруулах чиглэлд Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа гэж Ерөнхий сайд уулзалтын үеэр хэлээд Монголын аж ахуйн нэгж, компаниудтай хамтран ажиллахыг хүслээ.

Мөн хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн зарчмаар өргөжин хөгжиж байна. Хувийн хэвшлийн харилцаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар хоёр орны эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах зорилт тавин ажиллаж байгаа гэж тэрээр тодотголоо.   

“Номура шокэн” компани нь “Номура холдингс” компанийн охин компани бөгөөд Японы үнэт цаасны тэргүүлэгч компани юм. Монгол руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллана гэдгээ ноён Кожи Нагаи илэрхийллээ.

Уулзалтад Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Уул уурхайн сайд Р.Жигжид, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь нар байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш