logo
М.Энх-Амгаланг улсын Ерөнхий прокуророор томиллоо

М.Энх-Амгаланг улсын Ерөнхий прокуророор томиллоо

2015/02/13
Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд өчигдөр Улсын ерөнхий прокуророор Магванноровын Энх-Амгаланг томилох саналыг зөвшилцөх саналыг УИХ-д өргөн барьсан билээ. Үүний дагуу чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар М.Энх-Амгаланг Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхөөр томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж гишүүдийн 90,6 хувийн саналаар дэмжин баталсан юм.
 
Улсын Ерөнхий прокуророор томилогдсон М.Энх-Амгалан нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971-1981 онд Ерөнхий боловсролын XI сургууль, зургаадугаар сургуульд тус тус суралцаж, 1982-1987 онд Зөвлөлт Холбоот Улсын Мөрдөн байцаах дээд сургуульд хууль зүйн бакалавр, 2003 онд Оросын Холбооны Улсын МКСВУЗ-д хууль зүйн магистрын зэргийг тус тус эзэмшсэн. Дээд боловсролтой. Эрх зүйч мэргэжилтэй юм.
 
Тэрбээр 1987-1988 онд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1988-1991 онд Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1991-2008 онд Улсын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газарт дэд даргаар тус тус ажиллаж байсан ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш