logo
Л.Эрдэнэчимэг туулайны чихмэл ашигласан гэнэ

Л.Эрдэнэчимэг туулайны чихмэл ашигласан гэнэ

2015/02/13

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг туулай агнасан гэх мэдээлэл олон нийтийн цахим хуудсууд болон хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүдээр тарж багагүй шуугиан тариад байгаа билээ. Түүний энэхүү үйлдлийг эмэгтэй хүн ч гэсэн ан хийж болно хэмээн өмөөрөх хэсэг иргэн байхад УИХ-ын эмэгтэй гишүүн байж ийм ёс зүйгүй үйлдлийг олон нийтэд сурталчлах ёсгүй хэмээн зарим хүн дургүйцэж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Л.Эрдэнэчимэг гишүүн энэ талаараа албан ёсны байр сууриа илэрхийллээ. Тэрбээр энэ үеэр туулай агнаагүй, чихмэл туулай ашигласан гэдгээ хэлсэн юм. Тодруулбал, тэрбээр тайлбартаа “Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллахад амралтын өдөр таарсан тул казак малчин айлд зочилсон. Аймгийнхан ирсэн зочдоо казак уламжлалаараа дайлж, цайлах ёс заншлаа танилцуулан малчин айлд урьж, мөн бүргэдээ анд сургах ёс заншлаа танилцуулж хүндэтгэн хүлээн авдаг ёстой. Энэ л ёсоор туулайны чихмэл ашиглан бүргэдийг анд сургаж байгаагаа үзүүлсэн. Миний бүргэд, туулайн чихмэл барьж авахуулсан зургийг аймгийн ажилтан нийтийн сүлжээнд тавьсныг татаж аваад Л.Эрдэнэчимэг гишүүн туулай агнав хэмээн гуйвуулснаар олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Санаатайгаар гишүүний нэр хүндийг унагаах ажиллагаа явуулж байгаад харамсаж байна. Казак ард түмний ёс заншилтай танилцаж, дэлхийд ганц бүргэдийн ан хийх уламжлалыг үзэхээр гадаад, дотоодын олон зуун жуулчин Баян-Өлгий аймгийг зорьдог болсон. Энэ нь аймгийн хөгжлийг нэмэгдүүлж, аялал жуулчлал хөгжиж байгааг дэмжиж байгаагийн зэрэгцээ дотоодын аялал жуулчлалаар аялахыг уриалж байна“ гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш