logo
С.Е.Нарышкин “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиолын асуудал” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцов

С.Е.Нарышкин “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиолын асуудал” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцов

2015/02/17
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин өнөөдөр /2015.02.16/ үдээс хойш Гадаад хэргийн яаманд болсон “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиолын асуудал” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцлоо.

   Тэрээр уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ, “Орос, Монголын түүхчид харилцан туршлага солилцсоор ирснийг онцлон дурдаад, хоёр орны эрдэмтдийн хамтын ажиллагааны үр дүнд хэд хэдэн чухал амжилтад хүрснийг цохон тэмдэглэв.

Мөн бидний хамтран хэрэгжүүлэх төслүүд олон талын сонирхолтой байх болно. Ялангуяа тусгаар тогтносон Монгол Улс хөгжихөд Орос орны гүйцэтгэсэн үүрэг нөлөө их юм. 1913-1914 онд Орос оронд Монголын анхны Ерөнхий сайд айлчилсан. Түүний айлчлалын гол зорилго нь оросын төрийн тогтолцоотой танилцах явдал байлаа. Хаант Орос орны төрийн Думын хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд оролцсон нь хүндэтгэлтэй үйл явдал болсныг онцлон хэлэхэд таатай байна. Энэхүү айлчлалын дараа Монгол Улсад хоёр танхимтай парламент байгуулагдсан. Миний бие Төрийн Думын даргын хувьд 100 жилийн өмнөх энэ үйл явдал маш их билэг дэмбэрэлтэй үйл явдал байсан гэж үздэг.

Монголчууд орос хэлийг бүх нийтээрээ сайн мэддэг. Соёлын хамтын өвтэй байна гэдэг манай хоёр орны харилцан ойлголцолд маш чухал үүрэгтэй” хэмээн онцлов.

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга бөгөөд, “Оросын түүхийн нийгэмлэг” холбооны тэргүүний хувиар С.Е.Нарышкин, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар хамтын ажиллагааны санамж бичигт энэ үеэр гарын үсэг зурсан юм.

Уулзалтад Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүд, Их дээд сургуулийн төлөөлөл,  Монголын орос хэлний багш нарын холбоо болон Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын археологи, угсаатны зүйн хүрээлэн, Монгол Түвд буддын судлалын хүрээлэн зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш