“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугаарын Х дахь ботийг бэлтгэн, цахим хэлбэрээр байршууллаа. Үүгээр, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хэлэлцээрийн хамт бүрэн эхээр нь нийтэд хүргэж байна.
Энэхүү хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралт, хэрэгжүүлэх хэлэлцээр бүхий баримт бичиг бөгөөд хууль нь соёрхон батлагдсанаар манай улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан гуравдагч хөршийн бодлогыг эдийн засгийн агуулгаар баталгаажуулахад томоохон түлхэц болох ажээ.
Мөн манай улсын гадаад худалдаа өсч, гадаадын хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлогыг тус тус нэмэгдүүлэх, худалдаан дахь тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах ач холбогдолтой юм байна.
Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр дэвшилтэт технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлагыг дээшлүүлэх, экспортын барааны нэр төрөл олшрох, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахаар байна.
Хөдөө аж ахуй, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн, савхин эдлэл, хүнд үйлдвэрийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг японы зах зээлд илүү хөнгөлөлттэй тарифаар нийлүүлснээр хоёр талын худалдаа нэмэгдэж, үйлдвэрлэл өсөж, ажлын байр шинээр нэмэгдэнэ гэж үзэж байгаа ажээ.
Хэлэлцээрийн хүрээнд барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуйн арга хэмжээ, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, хамтын ажиллагаа, хувь хүний шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг тодорхой 17 асуудлаар хэлэлцээ хийжээ.