logo
Найзуудаараа нийлж хулгай, дээрэм, хүчин хийж олсон мөнгөөрөө зугаацдаг байжээ

Найзуудаараа нийлж хулгай, дээрэм, хүчин хийж олсон мөнгөөрөө зугаацдаг байжээ

2015/02/27
Орон нутгаас шилжин ирсэн, зарим нь тухайн орон нутагтаа амьдарч байгаа хэрнээ хотод суралцахаар ирсэн залуус хэрэг үйлджээ. Бүлэглэн үйлдсэн тэдний хэрэг хэрхэн шийдэгдсэн хийгээд иргэдэд сэрэмжлүүлж болох зарим зүйлсийг бэлтгэлээ.

Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн уг хэрэгт Т, Т, Б, Б, М, М нарын зургаан залуус сэжигтнээр татагдаж, ял авлаа.

Тэд 1993-1988 онд төрсөн ид хийж бүтээх, сурч хөдөлмөрлөх насан дээрээ яваа залуус. Гэвч нэгнээ гэмт хэрэгт уруу татаж давтан бас бүлэглэн хэрэгт ийн холбогджээ.

“Хэрэг хуучирдаггүй”
2011 онд үйлдэгдсэн уг хэрэг олонд ил тод болоогүй ч үнэхээр сэтгэл сэртхийлгэм, жигшмээр хэрэг. Тэд  Баянгол дүүрэгт уг хэргүүдээ үйлдэж эхлэхдээ бусдыг дээрэмдэж, биед нь гэмтэл учруулж, хүчиндсэн давтан үйлдлүүдийг хийжээ.

Мөн шунахайн сэдэлтээр, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар бусдыг санаатай алсан хэрэг ч үйлджээ.

Тэд бүлэглэн машинаар явж машиндаа бусдыг хүчиндэж, цүнх, гар утас, үнэт эдлэл, бэлэн мөнгийг нь дээрэмддэг байсанаа хүлээжээ. Харин ганц, хоёроороо явж байгаа эрчүүдтэй таарахаараа зодож, биед нь гэмтэл учруулж хувцас, бэлэн мөнгө, гар утас зэргийг нь дээрэмдэж өөрсдөө хэрэглэдэг байсан гэнэ.

“Шөнө оройн цагаас сэрэмжил”
Шөнийн цагаар ганц, хоёроороо явах нь хохирогч  болоход нөлөөлж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Учир нь гэмт хэрэг үйлдэгчид хохирогчдыг дагаж, гэмт хэрэг үйлдэх боломжийг хайж байгаад ганцаараа эсвэл хүн багатай газраар явж байхад нь хэргээ үйлддэг аж.

Мөн шөнийн цагаар гарахдаа үнэт эдлэл, их хэмжээний мөнгө авч явахдаа болгоомжлох хэрэгтэй байгаа юм. Үнэтэй зүйл, ганган хээнцэр байдал гэмт хэрэг үйлдэгчдийн анхаарлыг татаж, улмаар та хохирогч болох эрсдэл их байна.

Дээрх хэрэг ч шөнийн цагаар үйлдэгдсэн байна. Зам дагуу ганцаараа явж байгаа эмэгтэй, дэлгүүр орохоор гэрээсээ гарч ирсэн бүсгүй, эхнэр нөхрүүд ч бүлэглэн гэмт хэрэг үйлдэгчдийн гарт ийн өртжээ.
Хэтэрхий их зодуулж хууч өвчнөө сэдрээсэн нэгэн залуу ч харамсалтайгаар амиа алджээ.

 “Дээрэм хийчихээд PC тоглож, шоуддаг байжээ”
Хэрэгтнүүдийн хувьд дээрэм, хүчин хийж танхайрчихаад олсон мөнгөө зугаа цэнгэлд зориулдаг байжээ. Эмэгтэйчүүдийн үнэт эдлэлийг дээрэмдэхдээ ломбардаж мөнгө болгож, харин эрчүүдийн хувцас хэрэгслийг дээрэмдэж өөрсдөө гангардаг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Гэмт хэрэг үйлдэхдээ зарим нь согтуурсан, нэгнийгээ өдөөн хатгасан шинжтэй байсан нь илэрхий байгаа юм.

Хэрэгтнүүдийн хувьд  ихэнх нь эцэг эхтэйгээ амьдардаг байсан бол эхнэр хүүхэдтэй залуус ч орооцолджээ.

Хамгийн гол нь зарим нь их сургуулийн нэгдүгээр курсад сурдаг байсан нь иргэн таньд нэгийг бодогдуулах биз ээ.

Эцэг эхчүүдийн хувьд насанд хүрсэн гэлтгүй үр хүүхдүүддээ анхаарлаа хандуулж, харин ухамсарт хүн та гэмт хэрэг зөрчилд холбогдох, үйлдэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш