logo
Авто тээврийн хэрэгслийн татварыг улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлнө

Авто тээврийн хэрэгслийн татварыг улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлнө

2015/02/27
Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба  жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу  Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийлээ.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :
  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө.
Үүний дагуу хэвлэлийн бага хурал хийж холбогдох албаныхан энэ жилийн автомашины татвар хураалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Иргэд автомашины улсын дугаараас хамаараад саруудад хуваагдан төлөх нь  хуулийн дагуу 06-р сарын 01-нээс өмнө буюу хугацаа дуусахаас өмнө банкууд, оношлогооны цэгүүдэд үүсдэг дараалал, ачааллыг бууруулах бөгөөд иргэд цаг хугацаа алдалгүй төлөлтөө хийх боломжтой болж байгаа юм.

Энэ жилийн хувьд нэг, хоёр дугаар сард төлөх жолооч нарын төлөлтийн хугацаа дууссан ч зургаа дугаар сарын 1-нээс өмнө нөхөж төлөх боломжийг олгож байна.  Бас та 4,5 сард төлөх ёстой бол өмнө нь буюу 3 сард ч татвараа төлөх бүрэн боломжтой. Мөн  журмын 3.6 болон 3.7 заалтад зааснаар Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том оврын ачааны авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн татварын холбогдох дансанд төлнө. Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ногдох татвар,төлбөрийг төлсөн байна” гэдгийг онцлон хэллээ.

Мөн энэ журмаар өмнө нь зөвхөн Улаанбаатар банк оношлогооны цэгүүд дээр байршин үйл ажиллагаа явуулдаг байсан. Одоо “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Smartcar” smartcar.mn мэдээллийн системийн хэрэглээг өргөжүүлж, нийслэлд бүртгэлтэй, идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн санг үндэслэн нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Татварын алба арилжааны банкуудтай хамтран авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайн, интернет, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлснээр иргэд аль ч нөхцөлөөр төлөх боломжийг бүрэн хангалаа.

Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш