УИХ-ын даргад З.Энхболдод өнөөдөр /2015.02.27/ "Мицубиши" компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Металлын группийн Ашигт малтмалын хөрөнгө оруулалтын газрын захирал Канжи Нишиүра бараалхав.
Тэрээр УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч байгаад талархал илэрхийлээд "Мицубиши" компани “Улаанбаатар олон улсын нисэх онгоцны буудал”-ын төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаагаа дуулгалаа.
УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хоёр орны харилцаа өргөжин хөгжиж буйд Японы хөрөнгө оруулагчид, компаниудын үүрэг их болохыг онцлов. Мөн шинэ “Улаанбаатарын олон улсын нисэх буудал” барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгаран ажиллаж байгаатай холбоотой асуудлаар зарим зүйлийг тодруулан асууж, санал солилцов.
УИХ-ын дарга энэ үеэр хэлэхдээ, “Улаанбаатарын олон улсын нисэх буудал”-ын төслийг зохих журмын дагуу, цаг хугацаандаа чанартай гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гээд "Мицубиши" корпораци цаашдаа ч олон мега төсөлд оролцож бусад худалдааны корпорацууд, Монголд хөрөнгө оруулахыг сонирхогч хувийн хэвшлийн бусад аж ахуйн нэгжийг манлайлан ажиллахыг хүсч буйгаа илэрхийллээ.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.