logo
“Хүннүгийн үеийн булшийг дур зоргоор ухахгүй, хөндөхгүй” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээр байгаа”

“Хүннүгийн үеийн булшийг дур зоргоор ухахгүй, хөндөхгүй” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээр байгаа”

2015/02/27

“Ноён уулын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлэгт төрийн болон ТББ, иргэний нийгмийн байгууллагууд, ШУА, “Сентура гоулд Монголиа” компанийн төлөөлөл зэрэг таван газрын төлөөлөл оролцсон юм.

Уг хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хөтлөн явуулав. Тэрээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ:

“Сүүлийн үед Монголын нийгэмд Ноён уулын орчимд ашигт малтмал олзворлохтой холбоотой асуудлаар янз бүрийн асуудал үүсэж, хөдөлгөөн өрнөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж Ноён уулаа аврах хөдөлгөөн,  Босоо хөх монгол ТББ, Монгол байгаль дэлхийд ганц ТББ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, УИХ-ын зарим гишүүдийн гарын үсэг бүхий санал зэрэг нийт 10 бичиг, захидал, мэдэгдэл, шаардлага ирсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн түүх соёлын талаархи болон уул уурхайн салбарын хөгжлийн талаархи байр суурь тодорхой байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд ОХУ-д айлчилсан. Энэ айлчлалын үеэр Санкт- Петербург хотын Эрмитажийн музейд зочилсон. Энэ үеэр уг музейн доод давхарт хадгалагдаж байгаа, 1924-1925 онд П.К.Козловын экспедицийнхэний Монголоос, Ноён уулаас аваачсан археологийн олдворуудын заримтай нь үзэж танилцсан. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй эдгээр дурсгалууд болоод ер нь Монголтой холбоотой тэнд байгаа дурсгалуудын талаар иж бүрэн каталог гаргахаар тохиролцсон. Энэ хүрээнд Монголын судлаачид ОХУ-ын Эрмитажийн музейн судлаачидтай хамтарч уг олдворуудыг каталогжуулах чиглэлээр ажиллаж байгаа. Энэ ондоо багтаах төлөвлөгөөтэй байна. Каталогт орох олдворууд дотор Монголоос зуугаад жилийн өмнө Ноён уулаас аваачсан нэн ховор олдворууд орж байгааг манай түүхч, археологичид сайн мэднэ.

“Хүннүгийн үеийн булшийг дур зоргоор ухахгүй, хөндөхгүй” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээр байгаа. Энэ байр суурь дээрээ хатуу байгаа. Хэрэв булшийг ухах  төнхөх дээрээ хүрвэл энэ ажлыг мэргэжлийн археологичид, эрдэмтэн судлаачид хийж гүйцэтгэх учиртай. Харин тэр судалгаа шинжилгээний зардал, санхүүжилтийг ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компани 100% хариуцах ёстой. Ингээд олдсон олдвороор нь орон нутгийн болон улсын музейг баяжуулж, тухайн бүсд аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх ёстой.

Тухайн газар оронд манай нэртэй эрдэмтэн судлаачид Оросын эрдэмтэдтэй хамтарч хайгуул судалгаа хийсэн. Хамгаалалтад авах газраа орон нутаг нь авчихсан гэж байгаа. Би боддог юм, манай соёлын үнэт өв нэг бол газар доор хэвтээд байдаг, нэг бол гадны хүн олоод, аваад явчихдаг байж болохгүй гэж боддог. Тэгэхлээр ухах, судлах шаардлагатай бол ухах ёстой, ухахдаа мэргэжлийн хүмүүс нь тэр ажлыг хийж, Монгол Улсын соёлын өвийн тухай хуулиа хатуу мөрдөх ёстой. Мэдээж энэ бүх үйл явц нь Хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааны зарчим, хэм хэмжээ байх учиртай. Хариуцлагатай уул уурхай хууль, хэм хэмжээг чанд мөрдөж, байгалийн нөхөн сэргээлтийг дэлхийн жишгээр хийж, орон нутаг, улс орны хөгжилд дэмжлэг үзүүлэхүйц үр өгөөжтэй, нийгмийн зөвшилийг хангаж ажиллах ёстой. Хариуцлагатай уул уурхай, ер нь бид бүгдээрээ нээлттэй, ил, тунгалаг  байх учиртай.

Төгсгөлд нь хэлэхэд, өнөөдөр бүх талын төлөөллийг нэг дор байлцуулж байгаа нь асуудлыг нэг талаас биш олон талаас нь харж, хэлэлцье гэж шийдсэн юм. Ийм хэлэлцүүлэг хийхийг Монгол Улсын Ерөнхийлөгч надад үүрэг болгосон. Өнөөдрийн хэлэлцүүлэгт урилгаар болон зарын дагуу сайн дураараа ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлж байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид дэг журамтай байж, бие биендээ хүндэтгэлтэй хандана. Мэдээлэл хийж байгаа, асууж байгаа, хариулж байгаа хүн эхлээд өөрийгөө товч танилцуулна. Ажил, овог нэрээ хэлэхэд болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичлэг хийж байгаа.

Үг хэлж байгаа хүмүүс санаатайгаар худал мэдээлэл өгөх, олон нийтийг төрөөгдүүлсэн зүйл ярихаас зайлсхийх буюу татгалзах үүрэгтэй.  Зөвхөн үнэнийг мэдээллэх ёстой. Өнөөдрийн хэлэлцүүлэг ийм зарчимтай явагдана.

Энэхүү Ерөнхийлөгчийн дэргэдэх анхны Иргэний танхимд олон чухал сэдвээр олон удаа хэлэлцүүлэг явагдаж байсан түүхтэй. Уламжлалтай. Туршлагатай. Энэ танхимд Эрдэс баялгийн салбарт Төрөөс баримтлах бодлогын төсөл хэлэлцүүлж, Төрийн  нэгдсэн бодлоготой болох ажил өрнөж байсан. Уг бодлогын баримт бичгийг УИХ баталж мөрдүүлж эхэлсэн.

Хэвлэл мэдээллийнхэн маань идэвхитэй хүрэлцэн ирсэнд талархаж байна. Зоос хоёр талтай гэдэг, үнэн хэрэг дээрээ түүнээс олон талтай. Алив зүйлийг олон талаас, олон өнцгөөс харах тусам түүний өнгө будаг, хэмжээ домжоо, чанар чансаа тодордог. Нэг талаас харахад хар мөртлөө нөгөө тал нь шаргал байхыг харж байж л мэддэг лугаа адил.

Тийм болохоор хэлэлцүүлгээ дэгтэй, соёлтой ажил хэрэгч явуулцгаая. Монголын ардчилал бол зөвшилцлийн ардчилал. Бас хариуцлагатай байх ёстой. Өчигдөр Засгийн газар Гацууртын ордыг ашигласны улмаас тухайн бүс нутагт, түүх соёлын өвд нөлөөлж болзошгүй нөлөөлийг судлах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийн төлөөлийг ч энд урьж оролцуулж байна.

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж ярьдаг.

Ингээд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, уул уурхайн сайд Р.Жигжид Таныг микрофонд урьж байна.  “Сентура гоулд Монголиа” компанид олгосон, өнөөдрийн хэлэлцүүлгийн сэдэв болоод байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, талбайтай  холбоотой мэдээлэл хийнэ үү” гэлээ.


 

Уул уурхайн сайд Р.Жигжид:

-Монгол Улсын Засгийн газар эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр ихээхэн ажил хийдэг. Өнгөрсөн жил Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлоготой болсон. Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулсан. Эдгээртэй холбоотой хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг ид хийж байна. Ингэснээр энэ салбар хууль эрх зүйн орчинтой, өрсөлдөх чадвартай болж байна.

Эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ үед бид нөөц бололцоогоо зөв ашиглах, эрдэс баялгийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оновчтой оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Уул урхайн яам хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх зарчмаар ажиллаж байна. Үүний дотроос ил тод байдлыг хангаж ажиллах тэргүүн зэргийн зорилт тавьж ажиллаж байгаа. Энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж өргөн бариад байна.


 

Уул уурхайн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Батхүү:

-Стратегийн ач холбогдол бүхий Гачууртын ордын талаар товч танилцуулъя. Уг орд Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг. Энд тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Сентерра голд” компани нь Бороогийн алтыг олборлож баяжуулах үйлдвэртээ боловсруулдаг. Хамгийн сүүлд батлагдсан ТЭЗҮ-ээр Гачууртын ордоос олборлосон алтыг 50 км замаар тээвэрлэж Бороогийн баяжуулах үйлдвэрт боловсруулна. Жилийн турш ажиллах боломжтой орд. Алтны шороон ордыг 1996 онд илрүүлсэн. “Гурван гол”, “Гачуурт” компаниуд 1992-2000 онд шороон ордод олборлолт хийсэн. 1998 онд үндсэн ордыг нээсэн.

2005 онд анхны ТЭЗҮ-ийг боловсруулсан. 2007 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцийг хүлээн авч, 2008 онд ТЭЗҮ-ийг баталсан. 2013 онд нөөцийн хэмжээг шинэчилсэн. 2014 онд дахин ТЭЗҮ-ийг боловсруулсан.

Өнөөдрийн тогтоосон нөөцөөр Гачууртын орд нь эдийн засгийн ашигтай БЦ үнэлгээгээр17,1 сая тонн хүдэрт 50 тонн алт, тодорхой нөхцөлд үр ашигтай БЦП үнэлгээгээр 10,6 сая тонн хүдэрт 26,1 тонн алт, нийтдээ 76,1 тонн алтны нөөцтэй гэсэн үнэлгээ гаргаж баталгаажуулсан. Энд 10 жил үйлдвэрлэл явуулна. Гурван их наяд төгрөгийн борлуулалт хийж 659,8 тэрбум төгрөгийн татвар хураамж төлнө. 352,9 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллах төсөл байгаа.


 

“Сенттерра гоулд Монголиа” ХХК-ийн салбарын захирал Д.Сандаг:

-Манай компанийн хувьд сум, орон нутагтай ойр дотно ажилладаг. Сар бүр хийж буй ажлаа танилцуулж, хойшид хийх ажлаа ч хэлэлцдэг. Ганц Мандал сум гэлтгүй Төв аймгийн бусад сумдын дарга нар үүнийг мэднэ. Сэлэнгийн Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү ч үүнийг батлах байх. Гагцхүү Гачууртын ордыг тухайлан ярилцаагүй өнөөг хүрсэн нь учиртай. Уг төслийг нөөц 2007 онд, ТЭЗҮ 2008 онд батлагдаад явж байтал, 2009 онд “Урт нэрт” хууль гараад төслийн ажил зогссон. Гачууртын орд ойн сав газарт оршиж буй учир төслөө 2012 он хүртэл зогсоосон. Урт нэрт хуульд хамрагдах нь тодорхой болсон учир төслөө сурталчлаад байж болохгүй байсан. Нөгөөтэйгүүр ТЭЗҮ, нөөцийг дахин боловсруулах шаардлагатай болсон. Ингээд 2014 оны эцсээр ТЭЗҮ батлагдаж, 2015 оны эхээр Гачууртын ордын стратегийн ордод хамруулсан шийдвэр гарлаа шүү дээ. Одоо л дөнгөж бүх зүйл тодорхой болж байгаа гэсэн үг. Тиймээс энэ бүх шийдвэр төр засгийн төвшинд гарсны дараа төслөө хэрхэн хэрэгжүүлэх, хэдий хэрийн ашиг олох, түүнээс хэдийг нь орон нутагт зориулах вэ гэдгээ танилцуулна.


 

Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Д.Батчимэг:

-“Бороо гоулд” компани нь 2002-2013 оны хооронд нийт 11 төрлийн татварт 263 тэрбум 490,5 сая төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс  аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 150 тэрбум 420 сая төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт  73 тэрбум 773,8 сая төгрөг төлсөн. Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц төлбөрт  2626,4 сая төгрөг, алтны албан татварт 5376,5 сая төгрөгийн татвар төлсөн. Ус ашигласны, газрын төлбөр, авто тээврийн албан татвар, буу, үл хөдлөх хөрөнгийн татвар гэхчилэн 10 гаруй нэр төрлийн татвар төлсөн байдаг. Тус компани 91 тэрбум 165,7 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлж, НӨАТ-аар 51 тэрбум 242 сая төгрөгийг буцаан суутгасан байна.

ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан  Н.Эрдэнэ-Очир:

-Ноён уул нь Хэнтийн нурууны үргэлжлэл олон бэсрэг уулсаас бүрдсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумыг дамнан оршдог нуруу юм. Хүннүгийн үеийн түүхэн дурсгалт газар нь Ноён уулын Сүжигт, Хужирт, Зурамт гэсэн гурван аманд оршдог. Анх 1912 онд эл дурсгалт газрыг илрүүлсэн байдаг. 1924-1925 онд алдарт судлаач, аялагч Козлов тэргүүтэй хүмүүс судалсан байдаг. 50-60 оны үед үндэсний судлаачид, 2006-2012 онд Монгол Оросын судлаачдын хамтарсан баг Хүннүгийн үеийн булш бунхан дурсгалыг нарийвчлан судалсан. Дээр дурдсан гурван аманд нийтдээ 230 булш бунхан дурсгал бий. Хүннүгээс гадна хүрэл зэвсгийн үеийн дурсгалыг нэмэхээр нийтдээ 374 дурсгал Ноён уулын бүсэд бий.

2012 онд ШУА-ийн Археологийн хүрээлэн дурсгалт газрын хилийн бүсийг тогтоож, Засгийн газар баталгаажуулсан. 2014 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн.  Археологичид булш бунханыг тодруулахын тулд малтлага хийж илрүүлсэн. Огт хөндөхгүйгээр археологийн дурсгалыг илрүүлэх аргагүй.  Гацууртын ордын хувьд хамгийн ойрхон дурсгал нь Сүжигтийн амны дурсгал байгаа. Сүжигтийн амны тэрхүү дурсгалт газар Сентура гоулдын талбайгаас 5,8 км-т оршдог. Харин олборлолтын цэг хүртэл 11 км зайтай гэлээ.

Үүний дараа иргэний нийгмийн төлөөллийнхөн үг хэлж Хүннүгийн үеийн түүх дурсгал, булш бунхантай газарт олборлолт явуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэд газрын гадарга дорх мөнх цэвдэгт нөлөөлөхөөс гадна газар дэлбэлэх үеэр түүхийн дурсгалууд эвдэрч сүйдэх магадлалтай. Мөн хүдэрт агуулагддаг сульфит ил гарч борооны усанд угаагдан Гачуурт, Хараа, Ерөө голын усанд нэвтэрч, Байгаль далайд хортой бохир ус хүрэх эрсдэлтэй. Үүнээс болж дэлхий нийтийн өмнө “ногоон терроризм” үйлдэх гэж байна.  200-300 м бус 1010 м-ийн гүн карьер байгуулах гэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Гачууртын ордыг ашиглах тухай хуульд хориг тавих ёстой хэмээн хэлж байлаа.

“Сентура гоулд” компанийн үйлдэрлэл эрхэлсэн орлогч захирал Т.Оргодлын тайлбарласнаар тус компани орон нутагтай маш ойр хамтарч ажилладаг бөгөөд сум хөгжлийн ажлын хэсгүүд гаргаж сар бүр цуглаж уулзан асуудлаа ярьдаг гэлээ. Мөн Ноён уул уг ордоос 4,6 км-ийн зайд, хүннүгийн олдворууд 7 км-ийн зайд, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумдын нутагт байдаг гэж байв. Гачууртын ордыг ашигласнаар 1000 ажлын байр шинээр бий болж, үндэсний 20 гаруй аж ахуйн нэгжтэй бараа, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах юм байна. Гацууртын ордын төслийг хэрэгжүүлэхийн тулд тус компани нийт 535 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, жилд 1750 сая тонн хүдэр боловсруулах бөгөөд орд жилийн турш, өдөр шөнөгүй ажиллана гэлээ.

ШУА-ийн эрдэмтэн судлаачид болон мэргэжлийн хүмүүс Гачууртын ордын нутаг дэвсгэрт одоогоор эртний булш, бунхан илрээгүй. Хамгийн ойр нь Сүжигтийн аманд 5,8 км-ийн зайд хайгуулын талбайн зах байгаа гэж байв. ШУА-ийнхан хайгуулын лицензтэй газарт эртний нийт 81 дурсгал, МУИС-ийн судалгааны багийнхан 63 дурсгал илрүүлсэн. Лицензтэй талбайгаас 200 м-ээс 2 км-т 5 дурсгал илэрсэн. Яг олборлолтын талбайд дурсгал илрээгүй гэсэн тайлбарыг мөн өгч байлаа.

Ашиглалтын талбайд цэвдэг байхгүй, 1000 м хүртэл гүн карьер ухахгүй. Эдийн засгийн хувьд ч энэ нь ашиггүй. Хамгийн гүндээ нэг цэгт 200 м-ийн гүнтэй карьер ухна гэсэн хариултыг “Сентерра голд” компанийн техник хариуцсан орлогч захирал Ж.Бүрэнтөгс өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ “Манайд хариуцлагагүй уул уурхай байсан. Лицензүүдийг зогсоож, хэлэлцүүлэг хийж байгаад шинэ бодлого боловсруулж өнгөрсөн 2014 оны долдугаар сараас мөрдөж эхэлсэн. Саяхнаас лиценз өгч эхэлсэн.

Монголд шинээр лиценз олгосноос хойш хариуцлагатай уул уурхайн эрин эхлэх ёстой. Хариуцлагатай уул уурхай гурван зүйлээс бүрдэнэ.

Нэгдүгээрт, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, хоёрдугаарт, байгаль, хүний эрүүл мэндэд ээлтэй технологи ашигладаг, гуравт, нийгмийн зөвшилцөл дээр суурилсан байх ёстой. Дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгч “Ил тод бай” гэж хэлж байгаа. Бид энэ оны 1 дүгээр сарын 1-нээс Шилэн дансан дээр 5 саяас дээш төгрөгийн гүйлгээг тавьдаг болсон.

Өнөөдрийн хэлэлцүүлэг бол ганц компанийн тухай биш, хариуцлагатай уул уурхайн эрин эхэлж байгаа энэ үед нийт уул уурхайн компаниуд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ил тод, ойлгомжтой, хэмжүүртэй, хэмжигдэхүүнтэй хэлээр ярих ёстой. Дэлхий “хавтгай”, мэдээлэл түгээмэл болсон цагт нууж хаах ямар ч хэрэг байхгүй. Ил тод байх тусам монголчууд итгэдэг, итгэсэн хүндээ илүү итгэдэг. Одоо үүнийг үйл ажиллагаагаараа харуулах хэрэгтэй. Монголчууд бол хэрсүүжиж байгаа ард түмэн.

Байгалийн нөхөн сэргээлт, орон нутгийн хөгжил, улсын эрх ашиг, эрэмбэ дарааллаа хүртэл бодож, ярьж, хэмжиж болдог шалгуураар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. “Бороо гоулд” компани Монголчуудын сэтгэлд сүүдэр тусгасан ажил хийсэн нь үнэн. Тэр алдаагаа засч монголчуудын итгэл үнэмшлийг сэргээхийн төлөө цаашид ажиллах хэрэгтэй.

Санал бодлоо ярьцгаалаа. Хэлэлцүүлэг амжилттай боллоо. Өнөөдрийн хэлэлцүүлэгт тал бүрийн төлөөлөл болж хүрэлцэн ирсэн Та нарт их баярлалаа” гэснээр хэлэлцүүлэг өндөрлөв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш