Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох Берлиний ITB үзэсгэлэн Европын аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах бололцоог аливаа улс оронд олгодог. Монгол Улс Берлиний ITB үзэсгэлэнд 1999 оноос хойш албан ёсоор оролцож байгаа бөгөөд энэ жил анх удаа албан ёсны “Түнш орон”-оор оролцож байна.
1966 оноос эхлэн ХБНГУ-ын Берлин хотноо жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулагддаг “ITB BERLIN” аялал жуулчлалын үзэсгэлэнд энэ жил дэлхийн 190 улсын 10 мянга гаруй аялал жуулчлалын байгууллага оролцож, өөрийн улс орон, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчилж байна.Тус үзэсгэлэнг 175,000 зочин ирж сонирхдог аж. Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд..... Берлин хотын Захирагч Михаел Мюллер, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ЕНБД Талеб Рифай, Германы аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Михаел Фрэнцэл нар үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ” Энэхүү нэр хүндтэй үзэсгэлэнгийн түнш орноор манай улсыг оролцохыг зөвшөөрсөнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Манай ардын үгэнд “Аавын бийд хүнтэй танилц, Агтны бийд газар үз” гэсэн сайхан үг байдаг. Чингис хаан,Атилла хаан зэрэг дэлхийн хамгийн том гүрнийг бий болгосон түүхтэй орныг үзье гэвэл,уудам тал нутаг, гайхалтай байгальд адал явдалтай аялал хийхийг хүсч байвал, эдийн засгийн өөрчлөлтийг хийж урагшлан хөгжиж байгаа улсыг үзье гэвэл Монголд ирээрэй. Би та бүхнийг өөрийн биеэр манай оронд тавтай морил гэж урьж байна” гэлээ.
Энэхүү үзэсгэлэнд оролцогчдын 82.5%-ийг Европ, тэр дундаа Европын Холбооны гишүүн орнууд 69.4%, 8.1%-ийг Ази, 5.4%-ийг Африк, 3,2%-ийг Америк тив, 0.7% хувийг Австралийн улс орнууд эзэлж байна. Тус үзэсгэлэнд оролцсоноор тухайн оронд ирэх жуулчдын урсгал 15-30% нэмэгддэг гэсэн судалгаа байдаг. Тухайлбал, 2010 онд “Түнш орон” статустай оролцсон Турк Улсын хувьд 2010 онд жуулчдын тоо 28,6 сая байсан бол 2011 онд 31,4 сая болж 9%-иар, 2012 онд 39,7 сая болж 26%, 2013 онд дахин 20% болж өссөнөөр дэлхийд хамгийн их жуулчин хүлээн авдаг улсуудын зургаадугаарт оржээ.
Жил бүрийн үзэсгэлэнгийн үеэр оролцогч аялал жуулчлалын аж ахуй нэгжүүд болон аялагчдын хооронд 6.5 тэрбум евротой тэнцэхүйц хэмжээний гэрээнүүд хийгддэг байна.
Тус үзэсгэлэнг 1930-аад онд баригдсан, нийт 26 байгууламжаас бүрдэх 160,000 м.кв талбай бүхий “Мессе Берлин” үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулдаг.“Мессе Берлин” үзэсгэлэнгийн талбайд 2014 онд “Сити Кюүб” нэртэй шинэ цогцолбор ашиглалтанд орсон бөгөөд энэ цогцолборт манай Улс аялал жуулчлалын үзэсгэлэнд “Түнш орон”-оор оролцох үеийн нээлтийн үйл ажиллагаа, урлагийн тоглолт, хүлээн авалтыг зохион байгууллаа.
Монгол Улс энэхүү үзэсгэлэнд 1989 оноос хойш нэгдсэн зохион байгуулалттай, идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2011 онд “Соёлын түнш орон”-оор амжилттай оролцсон. Энэ жи “Түнш орон” статустай, “Mongolia, Nomadic by Nature” уриатай оролцож байна.
Монгол Улсын хувьд энэхүү үзэсгэлэнд “Түнш орон”-оор оролцсоноор Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбартаа ихээхэн анхаарал хандуулж буйг дэлхий дахинд нотлохын зэрэгцээ аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилтоо биелүүлэх чухал хөшүүрэг, түлхэц болох юм.
Дэлхийн хэвлэл мэдээллийн 400 орчим төлөөлөгч “ITB BERLIN” үзэсгэлэнг зорин ирж, сурвалжлага, нэвтрүүлэг хийдэг. Энэ нь “Түнш орон”-ы хувьд өөрийгөө сурталчлах томоохон боломжийг бий болгодог. Манай улс ирэх онд жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавьсан.Статистик тоо баримтаас харахад 2013 онд 417 мянган жуулчин,2014 онд 392 мянган жуулчин Монголд ирсэн байна.