logo
Хүндэтгэлийн

Хүндэтгэлийн "алдаа" буюу он цагийн хэлхээс

2015/03/05

Монголын улс төрийг сүүлийн 10 гаруй жил бужигнуулж, туг ч барьж, тугал ч хариулж асан Н.Энхбаяр Хан улсад эмчлүүлж, хэсэгтээ намжмал байснаа оны өмнөхөн гэнэт ирж, “засаг унагаад” явж одсон. Харин хонь жилийн босгон дээр дахин ирж, ээлжит дуулианаа Бөхийн өргөөнд битүүний өдөр “санамсаргүй” юм шиг “санаатай” зочилж, анхаарлын төвд орсноор, АТГ-аас саатуулах оролдлогод “бараг” л өртсөн зэрэг үйл явдлуудаар дэгдээв.

Энэ нь мэдээжийн хэрэг Эх орончдын өдөр тохиож буйтай салшгүй холбогдож, МАХН-даа шинэ гишүүд элсүүлэх нь МАН-тай эн зэрэгцэн харагдахад өндөр нөлөөтэй байсан гэдэг нь илт харагдах шиг. Тиймдээ тоймчид, ажиглагчид “Н.Энхбаяр бол цуутай шоучин” гээд илэрхийлээд эхэлчихэж. Асуудлын гол нь энэ эрхмийн шоучин байгаад бус өдөөлтөнд нь орж, төрийн ёс жудаг улам бүр алдагдаад байгаад орших мэт. Үйл явдалтай уялдуулан түүхийн хуудсыг сөхөж үзвэл үйл явдлын давхцал дор улс төрчид хэдэнтэй энгийн мэт алдаатай үйлдлүүдийг гаргаж ирснийг харж болохуйц аж.

2005 онд Ж.Буш АНУ-ын Ерөнхийлөгч байхдаа манай улсад айлчилжээ. Тухайн үед Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байж. Ж.Буш Төрийн ордны хүндэтгэлийн тайзнаас үг хэлж, манайхны урдаа барьдаг нэр нөлөө бүхий гэгддэг 700 гаруй хүн тэрхүү үйл явдлын гэрч нь болж байлаа. Ж.Бушийг үг хэлж байхад Л.Гүндалай ганцаараа босон алга таштал хэн ч түүнийг дагаж босоогүй юм даг. Харин тэрээр өөрөө “буруу л юм болж гээд суусан” гэж дурсдаг юм билээ. Тэгэхэд ноён Ж.Буш үг хэлж дууссаны дараагаар Л.Гүндалай руу өөрөө гараараа даллан дуудаж, гар барьж байсан түүх бий. Энэ түүхээр тэрээр хэсэгтээ л имиж хийж явсан санагдана. Гэхдээ тэр үед бусад улс төрчид хараад л зогсож байсан, тухайн үед хэн хэн байсныг одоо санах хүн харин ховор байгаа юм. Хэрэгтэй үед нь хэрэгтэй гэж үзсэнээ хийсэн хүн заримдаа хождог л бололтой. Гэвч Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд дэггүй жаал шиг аашилж болдоггүй л баймаар. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч асны айлчлал хэдий богино байсан ч хотын зах руу агаарт гарч, бичил наадам үзэх хөтөлбөр багтаасан байсан. Түүнийг ч ёсоор болгосон бөгөөд энэ үйл ажиллагаанд Ерөнхий сайдыг оруулаагүй байсан. Гэтэл найр наадам ид өрнөж байхад Ерөнхий сайд араас нь давхиж очоод харуул хамгаалалтынханд адлагдаж байж билээ. Гэхдээ “Буш өөрөө ирээрэй гэсэн юм” гэсээр үйл ажиллагаа руу орж байсан санагдаж байна.

Харин үүнтэй төстэй түүхийг 2011 онд Германы канцлерын айлчлалын үеэр Л.Гүндалайгийн хийсэн ээлжит үйлдэл давтдаг. 
Германы канцлер хатагтай А.Меркель тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Түүнд зориулан мөн л УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдуулж байв. Тухайн үед УИХ-ын гишүүд Оюутолгой, сонгуулийн хууль, төсөв гээд улс эх орны амин чухал асуудал хэлэлцэхэд тийм өндөр ирцтэй чуулж байсныг нь хараагүй гэдгийг олон нийт шуугиж байсан санагдана. Гэтэл дэлхийд нөлөөтэй улс төрч үдлээд мордоход манай улс төрчид хөл алдан гүйлдэж байсан нь хөгийн ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг. УИХ-ын хүндэтгэлийн чуулганы индэр дээрээс хатагтай А.Меркель үг хэлэн, Монголын ард түмэнтэй мэндчилсэн. Үүгээр хуралдаан өндөрлөж, канцлер А.Меркель тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хамтаар чуулганы танхимаас гарахаар явах замд нь гэнэт УИХ-ын гишүүн Л.Гүндалай өмнүүр нь гүйн гарч ирж, А.Меркелийн гараас татан өөр рүүгээ анхаарлыг нь хандуулж дөнгөв.

Улмаар гар барин инээд алдан ярилцаж, тойроод харж байгаа гишүүдийг “атаархаж байгаа даа” гэж бодож амжсан аятай жуумалзан, дахин дахин хатагтайн гараас татаж өөр рүүгээ хандуулж байх юм. Сүүлд нь хатагтай А.Меркель салж явахаар завдахад дахин түүнийг татаж, тэврэн аваад үнсэлцэж орхидог байна. Үүгээр хатагтайн хувьд санамсаргүй, Л.Гүндалайгийн хувьд “санаа”-тай уулзалт өндөрлөсөн юм. Болсон явдал бол энэ. Тэр хэзээ ч иймэрхүү боломжийг зүгээр өнгөрүүлж байсан удаагүй бөгөөд Төрийн ёслол, хүндэтгэл хийгээд айлчлалын албан ёсны протокол үнэндээ падгүй байдаг бололтой юм билээ. Ингэснээрээ Л.Гүндалай дэлхийд нөлөөтэй улс төрч эмэгтэйтэй Монгол Улсын парламентын танхимд “үнсэлцсэн” анхны монгол улс төрч болж түүхэнд үлдсэн.

Түүнчлэн 2014 онд урд, хойд хоёр хөршийн Төрийн тэргүүнүүд манай улсад Төрийн болон ажлын айлчлал хийсэн. Дэлхий нийтээрээ манай улс руу анхаарал хандуулж, тэрхүү том айлчлалуудын үр нөлөө мэдрэгдээд эхэлсэн. Харин жиргээ, онигооны гол бай болж, эдийн засаг, улс төрийн томоохон шийдвэрүүдээс илүү олон нийтийн анхааралд өртсөн нэгэн жижиг алдаа БНХАУ-ын дарга Си Зин Пиний Төрийн айлчлалын үеэр гарсан. Тухайлбал, Си Зин Пин даргын айлчлалтай холбоотой хүндэтгэлийн чуулган чуулж, монголчууд төдийгүй дэлхий нийт Си даргын хэлэх үгийг чих тавин сонсож байлаа. Энэ чуулганаар УИХ-ын дарга З.Энхболд парламентын "бэлгэ тэмдэг" болсон алхаа өрөөндөө мартаад ирчихсэн байсан бөгөөд үүнийгээ өөрөө УИХ-ын индэр дээрээсээ зарлачихаж билээ.

Харин Төрийн өндөрлөгүүд оролцож, албан ёсны протокол хөтлөгдөж буй арга хэмжээнд хувийн тоглолт хийж, дэг эвдсэн хэрэг явдал Бөхийн өргөөнд болсон сар шинийн битүүний өдрийн барилдаанд Н.Энхбаяр “урилгагүй” зочилж, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цочир харахад хүргэсэн үйл явдал сүүл мушгиж байна. Хэдийгээр Н.Энхбаяр Монгол Улсын нэрийн өмнөөс оймстой хөлөө гозолзуулан байж баривчлагдаж, ял эдэлж, өршөөгдөж явсан ч Төрийн тэргүүнээр ажиллаж асан түүхийн салшгүй нэг хэсэг гэдэгтэй маргах хүнгүй. Нэгэнт “Би Азтай Монгол” гэдэг үгтэйгээ дархлагдаж байсан Ерөнхийлөгч явсныхаа хувьд Төрийн ёслол хүндэтгэлийн алба, Төрийн тусгай хамгаалалт гээд зохих бүх газарт нь хандах ажлыг намынхаа ажлын албанд даалгаж, зөвшөөрөл урилгыг нь аваад Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хажууд зэрэгцэн суугаад тамхилсан шигээ ард түмэнд харагдсан бол оноо нэмэх байснаас бус Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг гайхшралд оруулж, ард түмнийг талцуулан таашаал эдэлдэг увайгүй улс төрчийн дүрд орж боломгүй санагдана. Төрийн тэргүүн явсан П.Очирбат, Н.Багабанди гээд хэн нь ч хүндэтгэлийн урилга заллагыг хүлээн авах эрхтэй, хүндэтгэл хүлээх л байх. Хулгайгаар шахам олны анхаарлыг татах гэж муйхарлаж байхад нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гайхахгүй өнгөрвөл харин гаж харагдаж мэдэх л юм.

Хамгийн гол нь урилгагүй зочин, төлөвлөөгүй үйлдэл хийхэд ямар байдгийг үе үеийн төрийн тэргүүнүүд дотроо хэрхэн хүлээн авсан нь сонин. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг Ж.Буштай хамт явж байхад дундуур нь Ерөнхий сайд ороход Н.Энхбаяр дотроо хэрхэн хүлээж авсныг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж А.Меркельтэй хамт явж байхад нь Л.Гүндалай дундуур нь орох үед юу мэдэрснийг, Хүндэтгэлийн индэр дээр тухлах Ерөнхийлөгчийг Н.Энхбаяр гэнэт гарч ирж гайхшруулах торгон агшинд дотроо хэрхэн хүлээж авсан бол...

Нөгөөтэйгүүр хувийн тоглолттой хэн нэгэн улс төрчийн бүдүүлэг алхмууд төрийн болоод албан ёсны үйл ажиллагааны дэг, жаягийг эвдэж байгаа нь гадаад ертөнцөд хийгээд нийгэмд ямар үр дагавар дагуулж байгааг хөндлөнгийн өнцгөөс харж үзэхсэн. Олон нийтийн дургүйцэл, гайхшрал, шогшин яриад өнгөрөхийг үл тоож болох ч өдөр өдрөөр, үе үеэр, ямх ямхаар Төрд итгэх ард түмний итгэл, хүндэтгэн дээдлэх эрхэм чанар алдагдаад байгаад хэргийн учир оршиж буй болов уу.

Түүнчлэн гадныхан хууль, эрхзүйн орчин тогтворгүй, шийдвэр гаргагчид нь авлигад идэгдсэн, тэднийгээ өнжөөд нэг шоронд хийдэг гэдэг имиж дээр улс төрчид нь чадамжгүй, бүдүүлэг, ёс зүйгүй болж харагдаж байгаа нь дайран дээр давс л болмоор санагдах юм. Уг нь бол төрийн ноён нуруу болон сонгогдож буй эрхмүүд үг үйлдлээ хичээж, цаг нь ирвэл ард түмнээсээ уучлалт гуйж, хариуцлагаа ухамсарладаг байвал өдөр бүр Төрөө зүхэж, гаргасан шийдвэр хуулийг нь гууль болгоод байхгүй л байх.

Улс төр хийхэд бас учир байдгийг мэдэх л учиртайг эрхэм улс төрчдөд мэргэн ард сануулга өгдөг сонгууль айсуй байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш