Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Улаанбаатар их сургууль хамтран ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх сургалтаа эхлүүллээ. Нийт 100 хүн цэцэрлэгжүүлэгч ойжуулагчийн сургалтад хамрагдаж ногоон байгууламжид тарих мод сөөгийг сонгох, нүх шуудуу ухаж бэлтгэх, хөрс бэлтгэх, мод сөөг цэцгийг тарих арга технологи, арчлах бордох услах, зүлэгжүүлэх, мод сөөгийг хэлбэржүүлэх, хамгаалах, өвөлжүүлэх ажлын дадлагыг эзэмших юм. Сургалтыг Улаанбаатар их сургуулийн мэргэжлийн багш нар удирдан явуулна. Дэлхийн хотуудад нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн талбай 20-25 м2 байдаг. Харин Монгол улсад энэ хэмжээ 4-5 дахин бага байдаг. Тиймээс агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулан дуу чимээг багасгадаг ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Цэцэрлэгчдэд илүү их мэдлэг,чадвар эзэмшүүлэхэд нийслэлээс анхааран сургалт явуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.