logo
УИХ-ын дарга З.Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шостокийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга З.Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шостокийг хүлээн авч уулзлаа

2015/03/16

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.15/ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шостокийг хүлээн авч уулзав.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шосток уулзалтын эхэнд, Эрхэмсэг ноён З.Энхболд та манай улсад албан ёсны айлчлал хийж буйд баяртай байна. Манай хоёр орны харилцаа бүхий л салбарт хөгжиж байна. Өнөөдөр Ханновер хотноо нээлтээ хийх гэж “CEBIT” үзэсгэлэн яармагийг зохион байгуулах ажлыг хариуцахын зэрэгцээ цаашид цар хүрээг улам өргөжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Дэлхий даяар алдартай үзэсгэлэн яармагт тооцогддог  “CEBIT” үзэсгэлэнд энэ жил 70 гаруй орны 3300 компани оролцоно. Энэхүү үзэсгэлэн нь соёл боловсрол гээд бүх салбарт тэр дундаа соёл боловсролын салбарт ач холбогдолтой арга хэмжээ хэмээн онцлов.

 Мөн эдүгээ Ханновер хотод Монгол Улсын 40 орчим иргэн амьдарч байна. Бид өнөөдөр техникийн эрин зуунд амьдарч байгаа боловч биечлэн уулзалт хийхийн ач холбогдол туйлын их билээ. Иймээс тантай уулзах завшаан олдсонд баяртай байна гээд Монгол Улсын Их Хурлын даргыг Ханновер хотын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурахыг урьсан юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Ханновер хотын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа үг хэллээ.

 ХБНГУ-ын Доод Саксон мужийн нийслэл Ханновер хотоос айлчлалаа эхлүүлж байгаадаа баяртай байна.  ХБНГУ нь манай улсын Европ дахь гол түнш орны нэг. “Себит” Олон улсын мэдээллийн технологийн томоохон үзэсгэлэнгийн албан ёсны нээлтэд оролцоно. Олон улсын болон дотоодын олон арван үзэсгэлэнг зохион байгуулдаг гол төвийн нэг болох Ханновер хотод зочилж буйдаа баяртай байна.

Монгол Улс саяхан Берлин хотод болсон “ИТБ-2015” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор оролцсон. Цаашид хоёр орны олон талт харилцаа тэр дундаа аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх бололцоо их буйг онцлов.  Монгол Улсын зарим аймаг, хотууд ХБНГУ-ын Баваар, Хэссэн муж улсуудтай хамтран ажиллах тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Цаашдаа орон нутаг хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлж,  Доод Саксон муж Улсын Ханновер хоттой хамтын ажиллагааны эхлэлийг тавих нь чухал болохыг онцлон тэмдэглэв. Монгол Улсад зохиогддог олон төрлийн үзэсгэлэн, яармагт Ханновер хотын удирдлага, хувийн хэвшлийн төлөөлөгчдийг урьж оролцуулах зэргээр хамтын ажиллагааг  эхлүүлэх хэрэгтэй гэлээ.

Уулзалтын дараа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шосток Монгол Улсын Их Хурлын даргад Ханновер хотын захиргааны төв байрыг танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шосток бараалхах үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Монгол Улсаас Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш