logo
Штефан Вайл: Ардчиллыг хөгжүүлэх амаргүй давааг тэмүүлэлтэй зорилгоороо даван туулсан Монголын ард түмэнд баяр хүргэх нь зүйтэй

Штефан Вайл: Ардчиллыг хөгжүүлэх амаргүй давааг тэмүүлэлтэй зорилгоороо даван туулсан Монголын ард түмэнд баяр хүргэх нь зүйтэй

2015/03/16

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд  өнөөдөр /2015.03.15./ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн Ерөнхий Сайд Ш.Вайлтай уулзалт хийв.

Доод Саксон мужийн Ерөнхий Сайд Ш.Вайл уулзалтын эхэнд, ихээхэн ачаалалтай хөтөлбөртэй таны айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга  тантай биечлэн  уулзах завшаан тохиосонд баяртай байна. Та өнөөдөр 2015 оны “СЕВIT” мэдээлэл технологийн том үзэсгэлэн яармагт хүндэт зочноор оролцоно. Энэхүү үзэсгэлэнг ХБНГУ зохион байгуулснаар манай улсын эдийн засагт эерэг нөлөө  үзүүлдэгийг хэлэх нь зүйтэй.

Доод Саксон муж нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээрээ ХБНГУ-д нэгд, харин газар нутгийн хэмжээгээрээ хоёрт, хүн амаараа дөрөвт ордог. Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд ардчиллыг хөгжүүлэхэд гаргасан ололт амжилтыг ХБНГУ өндрөөр үнэлдэг гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Тогтвортой ардчилсан нийгмийг эх орондоо цогцлуулна гэдэг бол амаргүй даваа. Энэхүү хэцүү давааг тэмүүлэлтэй зорилгынхоо ачаар даван туулж чадсан та бүхэнд баяр хүргэмээр байна. Мөн УИХ-ын дарга таны айлчлалын бүрэлдэхүүнд орсон гишүүд бүх намын төлөөллөөс бүрдсэн нь үнэхээр ардчилсан ёсонд нийцсэн бөгөөд манай улсын төлөөлөгчид  Монгол Улсад айлчлал хийвэл бид энэхүү тэнцвэртэй зарчмыг баримтлах болно гэв.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Европ дахь манай улсын гол түнш бөгөөд иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж буй Монгол, Германы харилцаа олон салбарт идэвхтэй хөгжиж байна. Бид ХБНГУ-тай зөвхөн ардчилсан нийгэмд шилжсэн хугацаанд бус харин түүнээс өмнө манай хоёр улс идэвхтэй харилцаж, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн түүх бий. Түүхээс харвал, 1920 оноос эхлэн ХБНГУ-д олон залуусыг сургаж дээд боловсрол эзэмшүүлж байсан гэдгийг онцлов.

Мөн тэрээр, Доод Саксон муж нь үзэсгэлэн яармаг зохион байгуулах арвин туршлагатай. “CEBIT” үзэсгэлэн яармаг гэхээр хүн бүхэн мэддэг. Тиймээс  үзэсгэлэн яармаг зохион байгуулах туршлагаас хуваалцах сонирхол ч бидэнд байна. Түүнчлэн Монгол Улс бол хөдөө аж ахуйн орон. Гэвч сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж ирсэн уул уурхайн салбарт бид бусад улсуудтай хамтран ажиллахаас гадна Хөдөө, аж ахуйн салбарт хамтрах боломж их бий. Манай улсыг тойрон 1.4 тэрбум хүн бүхий томоохон зах зээл байдаг. Эдгээр хүмүүсийн багахан хэсэгт бид мах, сүү нийлүүлэхэд манай улсын хөдөө, аж ахуйн салбар хөгжих боломж байгааг харж байна. Саксон мужийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортолдог туршлага ч чухал гэдгийг хэллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн Ерөнхий сайдтай хийх уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Монгол Улсаас Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш