logo
Сонгуулийн Менежментийн Төвийн Тэргүүн Р.Наранбаяр: Улс төр дэх эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог илүү их дэмжих ёстой

Сонгуулийн Менежментийн Төвийн Тэргүүн Р.Наранбаяр: Улс төр дэх эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог илүү их дэмжих ёстой

2015/03/17

Сонгуулийн Менежментийн Төв нь 2008 онд байгуулагдсан, улс төрийн сонгуулийн маркетинг, менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Улс төрчдөд ээлтэй, тэдний хийж бүтээснийг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр даацтай ажлуудыг хийж гүйцэтгэсэн тус төв нь энэ удаад “Шилдэг эмэгтэй 50 улс төрч”, “Шилдэг залуу 50 улс төрч” шалгаруулалтыг орон даяар зохион байгуулж байна. Төслийн талаар Сонгуулийн Менежментийн Төвийн тэргүүн Р.Наранбаяртай ярилцлаа.

-Сонгуулийн Менежментийн Төвөөс зохион байгуулж буй “Шилдэг эмэгтэй 50 улс төрч”, “Шилдэг залуу 50 улс төрч”-ийг нэрлэх энэ удаагийн шалгаруулалтын гол онцлог, үүнээс гарах үр дүн нь юу вэ? 

-Энэхүү хоёр шалгаруулалт 2008 оноос хойш тус бүр дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хувьд улс төрийн нэлээд эгзэгтэй, ширүүн өрсөлдөөнтэй үед тохиож байгаа. Шинэ залуу улс төрчид олноороо тодрон гарч ирсэн, шинэ эмэгтэй манлайлагчид нийгэмд түрж буй содон цаг үе. Энэхүү төслийн гол зорилго нь шинэ тутам гарч ирж байгаа залуу улс төрчид, нийгэм улс төрийн салбарт идэвхтэй ажиллаж байгаа эмэгтэй улс төрчдийг илүү өндөр түвшинд таниулах, тэдний улс төрийн байр суурийг баталгаажуулах маш тодорхой чиглэлтэй явагдаж ирсэн. Олон нийтэд улс төрч гэдэг нэр томъёоллын дор ийм эмэгтэйчүүд, ийм залуучууд хамаарагддаг юм шүү гэсэн мессежийг нэгдсэн байдлаар хүргэдэг. Тэндээс өөрийнх нь сонгуульд бэлтгэж байгаа тойргийн сонгогчид нь, өөрийнх нь намын хамт олон, хамтарч ажиллах улс төрчид нь мэдээлэл аваад нээрээ манай энэ чинь улс төрд гайгүй яваад байгаа залуу шүү гэдэг ч юмуу, энэ эмэгтэйг улс төрд оруулбал илүү их зүйлийг эх орон, иргэдийнхээ төлөө хийж чадна шүү гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж байдаг. Хэн нэгнийг онцлох биш, шинэ үеийг онцолж байгаагаараа энэ арга хэмжээний хамгийн гол онцлог оршдог. Зөв ч бай буруу ч бай хэдхэн улс төрчдийг тойрч эргэлдэж байгаа хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхаарлыг арай өөр зүгт хандуулдаг. Үүгээрээ ч гурван удаа амжилттай зохион байгуулагдаж, энэ шалгаруулалтанд хамрагдсан хүмүүсийн наяас илүү хувь нь улс төрийн салбарт амжилт үзүүлж байсан нь цаг үеэ олсон, улс төрийн салбарт зайлшгүй шаардлагатай арга хэмжээ гэдэг нь ойлгогдож байгаа юм. 

-Санал асуулгын хэлбэр нь яаж явагдаж байна. Иргэд улс төрчдөдөө яаж саналаа өгөх вэ?

-Шилдэг эмэгтэй улс төрчдийг нэрлэх төслийн багтай Emegteichuud.mn сайт, Elegance сэтгүүл хамтран ажиллаж байгаа. Эмэгтэйчүүдийн санал асуулга нь  Emegteichuud.mn сайт дээр явагдана. Төслийн үр дүнг нэгтгэсэн дэлгэрэнгүй мэдээллийг Elegance сэтгүүл дээр нийтэлнэ. Харин Шилдэг залуу улс төрчдийн санал асуулга ugluu.mn, dorgio.mn, ontsloh.mn сайтаар явагдана. Мэдээж гол томоохон сайт, сонин, телевиз, сошл медиагаар төсөлд шалгарсан улс төрчдийн талаарх нэгдсэн мэдээлэл, сурталчилгаа өргөн далайцтай явагдана. 

-Төслийн дүн хэзээ гарах вэ?

-Шилдэг эмэгтэй улс төрчид 2015 оны 3 дугаар сар 20-ны 22 цагт тодорч, 21-ны Бямба гарагт өргөмжлөлөө гардуулна. Шилдэг залуу улс төрчид 2015 оны 3 дугаар сар 27-ны 22 цагт тодорч, 28-ны Бямба гарагт өргөмжлөлөө гардуулна. 

-Эмэгтэйчүүдийн улс төрд гаргасан ололт амжилтыг олон нийт тэр болгон анзаараад байдаггүй байх. Энэ талаар ямар ажил хийгдэж байна?

-Эмэгтэйчүүдийнхээ нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг оролцоо, бодитой хийсэн ажлыг нь энэхүү төслийн хүрээнд бид нэг бүрчлэн мэдээлнэ. Хувь хүний гол онцлог мэдээллүүдийг ч олон нийтэд түгээнэ. Тухайлбал, Элеганс сэтгүүлд эмэгтэйчүүдийн хийсэн бүтээснийг төдийгүй, хувийн зан төлөв, ажил амьдралынх нь онцлог, үзэл бодлыг нь шингээсэн цогц мэдээлэл нийтэлж, олон нийтийн үйлчилгээний төвүүд, номын сангууд, агаарын болон төмөр замын тээврийн хэрэгслэлүүдэд байршуулна. Мөн хүн бүрийн мэдээллийг сошл орчинд цацна. 

-Ер нь эрчүүдтэй харьцуулахад улс төрч эмэгтэйчүүд маань PR тал дээрээ дутмаг ажилладаг юм шиг санагддаг шүү?

-Энэ бол яах аргагүй үнэн үг. Гэхдээ сайн эрийн ард түүнээс сайн эзэгтэй байсаар ирсэн шүү дээ. Өрх гэрийн чимэг болсон эхчүүд маань эртнээсээ орон гэр, үр хүүхдийнхээ төлөө олон асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэж  ирсэн атлаа эгэл даруу аж төрсөөр байгаа. Тэд маань эр нөхрөө л гэдгээс биш өөрсдөө сайн сайхан харагдахыг, өөрийнхөө хийж байгаа ажлыг сурталчлаад явдаггүй. Улс төрийн амбицаа нөхрийнхөө өмнө ямагт дарж явдаг. Хийсэн ажлаа хийх л ёстой байсан шүү дээ гэдэг сэтгэлгээгээр ханддаг. Гэтэл Монгол эмэгтэйн хатан ухаан өнөөгийн улс төрд ямар их хэрэгтэй байсныг сүүлийн гурван жил бидэнд нотоллоо.

Өнөөгийн парламентын өнгө төрхийг хар л даа. Найман сайхан эмэгтэй орж ирснээрээ ямар олон асуудлыг шийдэж чадав. Урьд нь тамхины хоригийн хууль санаачилж, шийдвэрлэх түвшинд аваачиж чадаагүй. Эрчүүд тэгэж зүрхлээгүй. Эмэгтэйчүүд эвлэлдэн нэгдэж, ийм хууль санаачилж чадсанаар олон нийтийн газруудын орчин нөхцөл хичнээн сайжирсан нь бидэнд илхнээ харагдаж байна. Сургууль, цэцэрлэгийн асуудлаар, сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил, тэднийг өсгөж, бойжуулах орчин нөхцөл, боловсролын шинэчлэл, эх хүүхдийн эндэгдлийн талаар тэд л хамгийн их ярьдаг, тэмцэж байна. Нам хамаарахгүйгээр эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал дээр нэгдэж чадаж байна. Тиймээс эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх нь бидний нэг алхам урагшлах боломжийг хангаж байна. 

-Хамгийн сүүлд хэзээ Шилдэг эмэгтэй улс төрчдийн шалгаруулалт хийсэн бэ. Тэнд шалгарсан бүсгүйчүүд одоо ямар байр суурьтай байгаа талаар судалгаа хийгдсэн үү?

-Энэ л бидний гол ажил. Бид өмнөх онуудын шалгаруулалтанд нэр дэвшсэн, ялалт байгуулсан бүсгүйчүүдтэй байнгын эргэх холбоотой ажиллаж тэдний ажил үйлсийг сурталчилж байхыг эрмэлздэг. Хамгийн сүүлд бид 2011 онд Шилдэг эмэгтэй улс төрчдийн шалгаруулалт хийж байсан.  Манай өмнөх төслийн ялагчид тухайн үеийнхтэй харьцуулахад бүгд л шат шатандаа томоохон ахиц дэвшил гаргасан байна. Улс төрийн болон төрийн өндөр албан тушаалд ажиллаж байна. Олон улсын байгууллагад, олон нийтийн болон бизнесийн томоохон байгууллагад ч ажиллаж байна. Ганцхан жишээ дурьдахад, их хурлын найман эмэгтэй гишүүн маань өнгөрсөн төслийн санал асуулгаар хамгийн олон хувийн санал авч байжээ. 

-Залуучуудын хувьд том амбицтай байдаг байх гэж бодогдож байна. Илүү өрсөлдөөнтэй болох уу?

-Миний хувьд, залуус зөв амбицтай болж байна гэж хардаг. Илүү алсыг харсан, илүү том зорилготой залуус улс төрд тэмүүлж байна. Улс төрийг албан тушаалд хүрэх шат гишгүүр, мөнгө олох хэрэгсэл гэж харахгүйгээр үзэл бодлоо уралдуулах, өөрийгөө хөгжүүлэх, илүү том зорилгод хүрэх багийн тоглолт гэдгийг залуус мэдэрч байна. Эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэх ёстой гэдгийг тэд ойлгож гүнээ ухамсарлаж байгаа гэдэгтэй маргахгүй байх аа. Үүний тулд өөрийгөө тал бүрээр бэлтгэх ёстой гэдгээ залуус ойлгодог болжээ. Тухайлбал, улс төрд зорьж байгаа, оролцож байгаа залуучууд өөрийнхөө хувийн Пи Ар-д маш мэдрэмжтэй ханддаг болсон. Монголд шилдэг залуу улс төрчдийг жагсаа гэвэл 300 хүн төвөггүй хүрч байгаа юм. Гэхдээ жинхэнэ сонгуулийн өрсөлдөөний талбарт, улс төрийн том тоглолтонд эдгээр 300 залуугаас шилэгдсэн 50 нь тодорч гардаг. Харин дараа дараачийн шилдэг залуус нь аймаг, нийслэл, дүүргийн улс төрийн амьдралд амжилт үзүүлсэн байдаг. Амьдралын бодит үнэн ийм юм. Өнөөгийн парламентад ажиллаж байгаа 45-аас доош настай бүх улс төрчид, сайд, дэд сайдууд 2008, 2011 оны манай шалгаруулалтанд өнгөлж байжээ. Дүүргийн засаг дарга, төрийн томоохон алба хааж байгаа болон улс төрийн намд өндөр албан тушаал хашиж байгаа залуус ч манай шалгаруулалтанд амжилт гаргасан байдаг юм. Энэ утгаараа Шилдэг залуу 50 улс төрч шалгаруулалт бол өөрийн гэсэн үнэ цэнэтэй, үүргээ улс төрийн салбарт гүйцэтгэсээр байгаа юм. Ер нь тэгээд аливаа салбар өөрийгөө шинэ цусаар сэлбэж, сэргээж явах ёстой. Улс төрийн салбарын хувьд шинэ залуу улс төрчид, эмэгтэй улс төрчдийн оролцоог нь дэмжих нь хамгийн чухал юм. Тиймээс л тэднийг илүү их дэмжих ёстой.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Ярилцсан: Д.Билгүүн

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш