УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар өнөөдөр /2015.03.18/ Монголын телевизүүдийн холбооноос ирүүлсэн өргөдлийн дагуу МҮОНТелевиз, Eagle телевиз, TV5 телевизийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзлаа.
Монголын телевизүүдийн холбооноос 2015 оны 1 дүгээр сард ирүүлсэн өргөдөлд телевизийн салбарыг бие даасан салбар, аж ахуйн нэгжийн хувиар үзэж, Өргөдлийн байнгын хорооны гишүүд үйл ажиллагаатай биечлэн танилцана уу гэжээ. Түүнчлэн, сүүлийн жилүүдэд телевизийн салбарт янз бүрийн байдлаар хориг саад хийх гэсэн оролдлогууд олон болж, хууль, тогтоомжийн төсөл бүрт хэвлэл мэдээлэл, телевизийн үйл ажиллагаанд хориг тавьсан утга бүхий ямар нэг заалт тусгадаг.
МҮОНТ үзэгчдээс хураамж авдаг төдийгүй төсвөөс санхүүждэг, мөн кабелийн, “IPTV”-нүүд үзэгчид болон өргөн нэвтрүүлгийн телевизүүдээс хураамж авдаг. Гэтэл бүтээл туурвидаг телевизүүдэд үзэгчдийн хураамжаас нэг ч төгрөг оногддоггүй байдал нь шударга өрсөлдөөний зарчмыг алдагдахад хүргэж байна. Нөгөө талаас Монгол Улс 3 сая хүн амтай атал 143 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь олон сөрөг үр дагавартай байгаа учраас телевизийн эрхүүдийг цэгцлэх шаардлага үүсээд байна хэмээн дурджээ. Энэ хүсэлтийн дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар эхлээд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд ажиллан, тус телевизийн студи, уран бүтээлчдийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр тус телевизийн гүйцэтгэх захирал Б.Энхтуяа, 2005 онд батлагдсан Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд олон нийтийн радио, телевиз төсвийн дэмжлэгтэй, холимог санхжүүжилттэй байхаар тусгасан. Энэ хуульд мөн “Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрхөд болон байгууллага, аж ахуйн нэгжид телевизор тус бүрээр тооцон ногдуулна” гэж заасны дагуу хураамж авдаг гэлээ.
Түүнчлэн тус телевизийн уран бүтээлийн хандлага шинэчлэгдэн, өнөөдрийн түвшинд ажиллаж байгааг дуулгаад, 50 жилийн турш төрийн бодлогыг ард түмэнд хүргэж байгаа олон нийтийн статустай МҮОНТ энэ үүргээ биелүүлж, үзэгчдэд чанартай уран бүтээл хүргэхийн тулд томоохон баг, бүрэлдэхүүнтэй, өндөр хүчин чадалтай техник, технологитой ажиллах шаардлага зүй ёсоор тавигддаг. Мөн манай телевиз дээр мал аж ахуй, газар тариалан гээд бодлогын чанартай томоохон төслүүд хэрэгждэг болохыг онцлов. Энэ бүхнийг холимог санхүүжилтийн хүчинд гүйцэтгэж, Монгол Улсын 21 аймаг, бүх сум, багийн айл өрх бүрт нэвтрүүлгээ хүргэдэг хэмээн тайлбарласан.
Үүний дараа Eagle телевизэд ажиллав. Тус телевизийн удирдлагуудтай уулзах үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан тулгамдаж байгаа асуудлыг сонирхлоо. Ерөнхий продюсер Ц.Ганзориг, мэдээлэл олж авах боломж хязгаарлагдмал байдаг нь үйл ажиллагаа явуулахад багагүй хүндрэл учруулдаг. Түүнчлэн, аж ахуйн нэгжийн хувьд улс болон үйл ажиллагааны шугамаар олон төрлийн татвар, хураамж төлдөг нь санхүүгийн бэрхшээл үүсгэдэг. Тухайлбал, кабелийн шугамаар үйлчилгээ үзүүлдэг компаниуд дотоодын телевизүүдээс эфирийг нь үзэгчдэд хүргэсний төлөө хураамж авдаг, мөн үзэгчдээс телевизийн нэвтрүүлгийг үзүүлсэн гэж хураамж авдаг. Тэгсэн атлаа гадаадын сувгуудад маш их хэмжээний төлбөр төлдөг. Энэ байдлыг зохих шатандаа хянаж, шударга зарчимд нийцүүлэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. 140 гаруй телевизийн лиценз олгож, тэр хэрээр олон сувагтай болсон ч нэвтрүүлгийн чанар, стандарт алдагдаж байгаа сөрөг тал бий учраас үүнд холбогдох газраас нь хяналт тавьж, зохицуулалт хийх бодит шаардлага үүсээд байгаа гэлээ.
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар дараа нь ТV5 телевизэд ажиллаж, үйл ажиллагаатай танилцах үеэр тус телевизийн захирал Э.Дагиймаа “Улс орон даяар тоон системд шилжиж буйтай холбогдуулан өргөн нэвтрүүлгийн 16 телевиз ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл энэхүү зардлаа нөхөх, хөрөнгө оруулалт олох механизм байхгүй. Зөвхөн зар сурталчилгаанаас орлого олж байгаа атлаа аж ахуйн нэгжийн хувиар хуулийн дагуу 6 төрлийн татвар, салбартай холбоотой 40 гаруй татварыг төлж байна. УИХ-ын гишүүд телевиз, хэвлэл мэдээллийн салбартай холбоотой олон хууль, тогтоомжуудыг санаачилж, үйл ажиллагааг хязгаарлах, торгох, шийтгэх заалтуудыг оруулах болсон.
Мөн энэ салбартай холбоотой хуулийн төсөл, заалт боловсруулахдаа хөгжил нь асар хурдацтай явагдаж байгааг тооцож байхгүй бол хэрэгжих боломжгүй хууль, тогтоомжууд батлагдах сөрөг тал бий” хэмээсэн. Түүнчлэн, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа атал үүнд мэргэжлийн хүмүүс, салбарынханы оролцоо огт байхгүй байгааг онцлон ярьж байлаа.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү телевизүүдийн үйл ажиллагаатай танилцсаны эцэст, телевизтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын агентлагуудын удирдлагуудтай уулзан чиг үүргийг тодруулж, давхардлыг арилгах, өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн удирдлагуудтай уулзах, телевизийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нэгтгэн Засгийн газарт хүргүүлэх зэрэг ажлыг хийх шаардлагатай байгааг тэмдэглээд, Өргөдлийн байнгын хороо ойрын хугацаанд дээрх ажлыг хийнэ хэмээн хэлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.