УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.03.18/ ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Штайнлайн бараалхав.
Уулзалтын эхэнд ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Штайнлайн, УИХ-ын даргын айлчлал амжилттай үргэлжилж буйд баяр хүргээд уулзах боломж гарсанд талархаж буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр, "Хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй хөгжиж ирсэн бөгөөд ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны зүгээс цаашид ч хамтын ажиллагаа өндөр түвшинд үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэж байна. Хоёр орны улс төрийн харилцаа агуулга сайтай байдаг. ХБНГУ-Монгол Улс дэлхий дахинд өрнөж буй энхийн төлөөх үйл хэрэгт идэвхтэй оролцож Афганистанд хэрэгжүүлж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын хүсэлтээр Монгол Улсын Зэвсэгт хүчин, ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран оролцсон нь манай хоёр орны харилцаанд чухал байлаа. Мөн хоёр орны хамтарсан Технологийн сургууль байгуулах төсөл амжилттай хэрэгжсэн. Цаашид төслийг үргэлжлүүлэхэд хоёр тал анхаарч ажиллах шаардлага бий" гэв.
УИХ-ын дарга З.Энхболд, "Саяхан ХБНГУ-д зохион байгуулагдсан “ITB-2015” аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцсон нь ихээхэн ач холбогдолтой байв. Мөн УИХ дахь Монгол-Германы парламентын бүлэг, Бундестагийн гишүүдийн харилцан айлчлал тогтмолжиж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулганыг 2015 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаас гадна АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн жил Германчууд Берлины ханыг нурааж, хоёр Германы ард түмэн нэгдсэний 25 жилийн ойг тэмдэглэсэн. Харин Монгол Улсад Ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Берлиний хана нурсан үйл явц өөрөө Монголын ард түмэнд Ардчилсан хувьсгал эхлүүлэх бас нэгэн дохио өгсөн гэж үздэг.
Хоёр орны хоорондын өндөр дээд түвшний улс төрийн харилцаанаас үүдэлтэйгээр эдийн засгийн хамтын ажиллагааг өргөн агуулгатайгаар хөгжүүлэх шаардлага байна. Хоёр улсын иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд иргэд хоорондын зорчих тэр дундаа визний асуудал чухалд тооцогддог. Өнөөдрийн байдлаар дипломат паспорттай иргэд ХБНГУ руу визгүй зорчиж байгаа. Цаашид албан паспортоор ХБНГУ руу визгүй зорчих асуудлыг шийдвэрлэж, энэхүү ажлыг одоо ажил хэрэг болгох хэрэгтэй байна" гэлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Штайнлайн бараалхах үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Монгол Улсаас Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс байлцав.
Мөн өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд ХБНГУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байртай танилцаж, тус яамны ажилтнуудтай уулзан, ажлын амжилт хүслээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр ХБНГУ-ын Бундестагийн Гадаад хэргийн байнгын хорооны дарга, Холбооны сайд асан Н.Рёттген бараалхана. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.