“MH17” дугаарын нислэг үйлдэж явсан уг онгоц осолдсон газраас олдсон металлын хэлтэрхийг холбогдох албаны хүмүүс шинжилсэн байна. Ингээд үүнийг Орост үйлдвэрлэсэн “Бук” пуужингийн толгойн хэсгийн хэлтэрхий болохыг тогтоожээ. Амстердамаас Куала-Лумпурын чиглэлд хөөрсөн уг онгоцонд сууж явсан 298 хүн бүгд амь үрэгдсэн билээ.
Ослын шалтгааныг мөрдөн шалгаж байгаа Нидерландын аюулгүй байдлын зөвлөлийн есдүгээр сард гаргасан урьдчилсан тайланд “Нисгэгчдийн бүхээгт техникийн асуудал гарсан гэх ямар нэгэн шинж алга. Техникийн саатал эсвэл нисгэгчдийн алдаанаас болж уг осол гараагүй. Мөрдөн байцаалтын урьдчилсан дүнгээр, онгоцны сэгний тарж унасан байдал нь онгоц агаарт задарч сүйрснийг харуулж байна. Өндөр хурдтай, хүчтэй гадны биетэд оногдсоны улмаас онгоц агаарт дэлбэрсэн” гэсэн байсан юм.