logo
“Гэрлэх ёслолын ордон”-г өмч хувьчлалын жагсаалтаас хаслаа

“Гэрлэх ёслолын ордон”-г өмч хувьчлалын жагсаалтаас хаслаа

2015/03/24

НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлын 2 дугаар хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа. Эдгээр асуудлын хүрээнд НИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хороо, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хороо болон НИТХ дахь ардчилсан намын бүлэг, МАН-ын бүлэг, “МАХН - МҮАН Шударга ёс” эвслийн бүлгийн саналыг хэлэлцэж, шийдвэрлэв.

Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтад орсон “Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ, нийслэлийн ЗДТГ-ын Спорт заалны барилгыг НИТХ – ын төлөөлөгчдийн олонхийн саналаар өмч хувьчлалаас хасав. Харин НИТХ дахь МАН-ын бүлгээс “Усан спорт сургалтын төв” ОНӨААТҮГ, “Автобус - 3” НӨҮГ-ын барилга байгууламж, “Ионсей найрамдал” эмнэлгийн барилгыг өмч хувьчлалаас хасах санал гаргасан ч төлөөлөгчдийн олонх нь дэмжсэнгүй.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараахь тайлбарыг өгөв. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар “Усан спорт сургалтын төв” ОНӨААТҮГ-ын байдал амаргүй байна. Барагцаалсан тоогоор 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байж шаардлага хангасан үйлчилгээг иргэдэд үзүүлэх болоод байна. Энэ нь нийслэлийн төсөвт дарамт болж байгаа юм. Уг газрын 60 хувийг хот өөрөө авч үлдэж, 30-40 хүртэлх хувийг нээлттэй дуудлага худалдаанд оруулна. Усан бассейн үйл ажиллагааны чиглэл нь огтхон ч өөрчлөгдөхгүй. “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжийн хувьд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Үүнтэй уялдуулан зохион байгуулалтын өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байгаа. Автобусууд маршрутын дагуу үйлчилгээнд шууд явах, автобусны эцсийн зогсоолд парк байгуулж, автобусны баазын ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэж, эцсийн зогсоолд хотжилт үүсгэх явдал юм” гэлээ. 

Харин нийслэлийн өмчид хувьчлагдах 11 Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах Хандгайтын “Цэнгэг агаар” сувиллын барилга, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгоны агуулахын барилга, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хуучин барилга, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэд станц, уурын зуухны дутуу баригдсан барилгыг өмч, газартай нь хамт үнэлж дуудлага худалдаанд оруулах юм. Мөн ихэнх төлөөлөгчийн саналын дагуу газрын дуудлага худалдаагаар олсон орлогын 10 хүртэлх хувийг тухайн дүүргийн төсөвт төвлөрүүлэх зарчим дэмжигдлээ. Харин үүнтэй холбоотой журмыг НИТХ-ын Тэргүүлэгчид батална.
 
Нийслэлийн 2015 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орох тодотгол, өмч хувьчлалын жагсаалтад орж буй нэмэлт өөрчлөлтүүдэд тулгуурлан, төсөвт нэмж төвлөрөх орлогын тооцооллыг хийсний үндсэн дээр нийслэлийн төсвийн орлогын батлагдсан төлөвлөгөөг 97 тэрбум 134.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэн  631 тэрбум 516.5 сая төгрөг байхаар төсвийн төсөлд тусгасан. Үүнд дүүргүүдийн төсвийн орлогод ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд хотын шуудын 2015 оны батлагдсан төсвийн орлогын эх үүсвэрийг 97 тэрбум 134.2 сая төгрөгөөр нэмэгдүүлж, 2014 оны төсвийн орлогын давалт 8 тэрбум 81.7 сая төгрөгийг тусган тооцсоноор нийслэлийн нийт төсвийн орлогын эх үүсвэрийг 105 тэрбум 215.9 сая төгрөгөөр өсгөж тооцов.

Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газрын дуудлага худалдааны анхны үнэ, төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулснаар төсөвт төвлөрөх газрын төлбөрийн орлогыг анх батлагдсан дүнгээс 42.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөж, 2015 онд хувьчлагдах нийслэлийн өмчийн барилга байгууламж, эд хөрөнгийн жагсаалтад орох өөрчлөлтөд тулгуурлан өмч хувьчлалын орлогыг 41.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 43.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцож төсвийн тодотголын төсөлд тусгажээ.
 
Нийслэлийн 2015 оны төсөвтэй холбогдуулан НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн саналаар “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын газрын дуудлага худалдааны 3 тэрбум 346 сая төгрөгийг нийслэлийн төсвийн орлогод нэмж, 2015 оны Газар зохион байгуулалтын  төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлын хүрээнд “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын орчимд шатахуун түгээх станц барих 0,3 га газрыг төлөвлөж, тусгай зөвшөөрөлтэй газруудын дунд нээлттэй дуудлага худалдаа явуулахыг НИТХ-ын төлөөлөгчдийн олонхи дэмжлээ. Мөн НИТХ-ын төлөөлөгчдийн саналаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ – ын талбайн цэвэрлэгээний машин худалдан авах 55 сая төгрөг, Багануур дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж байгаа 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн гадна цахилгааны зардал болох 50 сая төгрөгийг төсөвт тусгалаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш