Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Каплад уучлал үзүүлсэн. Тэрбээр тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг. Шүүхээс тэднийг буруутай гэж үзэн Жастин Каплад 5.10 жилийн хорих ял, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомд 5.6 жил, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвидэд 5.10 сарын хорих ял оноосон. Өөрөөр хэлбэл түүнийг буруутай гэдгийг Монгол улсын шүүх тогтоосон байдаг. Жастин Каплагийн хувьд өөрийнхөө буруутайг хүлээн зөвшөөрч давж заалдахгүйгээр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн. Ерөнхийлөгч ч дуун дээр нь уучлал үзүүлсэн. Ингэхдээ Жастин Капла Монгол улсад учруулсан 35 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэй байсан. Харин Жастин Капла Монгол улсад учруулсан 35 тэрбум төгрөгийг төлөхгүй хэмээн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хандсан байна. Гомдлыг 10 дугаар шүүх хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнэд хуваарилсан бөгөөд яг одоо шүүх хурал нь болж байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн нь хууль бус бөгөөд Жастин Каплаг Интерполоор эрэн сурвалжлах эрх зүйн зохицуулалттай юм байна. Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяраас цөөн зүйл тодрууллаа.
- Жастин Капла нарт өршөөл үзүүлчихсэн байхад өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10-р шүүхэд шүүх хурал болж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304-р хэсэгт зааснаар гомдол гаргах эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана гэж заасан. Үүний дагуу Давж заалдах шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас өөр арга байхгүй. Гэтэл энд нэг процессийн гажуудал гарчхаад байгаа юм. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн. Үүнийг Эрүүгийн хуулийн 77.2-т заасан байгаа. Ингэхдээ субъект өршөөсөн. Субьектыг өршөөхдөө 77.2-т объектив шинжээр нь юу гэж заасан бэ гэвэл тухайн ялтан ялын тавиас доошгүй хувийг биечлэн эдэлсэн, хохирлыг бүрэн төлсөн, засарч хүмүүжсэнээ харуулсан байх ба үүнийг эрх бүхий байгууллагын тодорхойлолтоор нотлогдож байгаа, үүнийг ялд хяналт тавих прокурор нь дэмжсэн тохиолдолд тухайн албан бичгүүд Ерөнхийлөгчийн ажлын хэсэг рүү очих ёстой. Ерөнхийлөгчийн ажлын хэсэг үүнийг нь хууль журамд заасны дагуу хянаж үзсэний дараа тодорхой хугацаанд хянан шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл энэ бүх процесс алдагдсан. Өөрөөр хэлбэл Жастин Капла АНУ-ын иргэн гэдгээрээ давуу эрх эдэлсэн. Гэтэл Үндсэн хуульд хүнийг үндэс угсаа, шашин шүтлэг, арьс, боловсрол, гарал үүслээр нь ялгаварлахгүй гэж заасан.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ?
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.