Монголчууд эртнээс “Хувьтай хүн хур борооноор ...” гэж ярьж хэлэлцэн хур бороо дагуулсан аливаа үйлийг хөгжин дэвжихийн бэлгэдэл гэж үзсээр ирсэн уламжлалтай. Тэгвэл өнөөдөр НИТХ-аас Налайх Багануур дүүргийг дагуул хот болгох НИТХ-ын шийдвэр хур бороо дагуулан гарлаа.
Энэ асуудлыг НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы анхлан санаачилж, түүний удаа дараагийн хүсэлтэд тулгуурлан НИТХ-аас Налайх, Багануур дүүргийн иргэдийн нийтийн санал асуулга явуулж, энэхүү санал асуулгад тухайн дүүргийн иргэдийн олонхи нь дагуул хот болохыг дэмжсэн байдаг. Тэгвэл өнөөдөр НИТХ ээлжит 25-р хуралдаанаар Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах тухай, тус хотуудын Захирагчийг сонгох сонгууль зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэн батлахаар болжээ. Налайх, Багануур хотын иргэд хур бороотой цуг хотын иргэний статустай болж байгаа юм.
Ийнхүү нийслэлд дагуул хот байгуулах тогтоолыг НИТХ-аас гаргаснаар дагуул хот болох НАЛАЙХ, БАГАНУУР хотын иргэд өөрсдөө хотын дүрмээ нийт иргэдийн санал асуулга, нээлттэй хэлэлцүүлгээр батлан, улмаар Хотын захирагчаа ч нийт иргэдийн саналаар сонгож, хотынхоо нийгэм, эдийн засгийн бүхий л асуудлаа бие даан шийдвэрлэж, эрчимтэй хөгжих боломж бүрдэх бололцоотой болох юм байна. Ингэснээр иргэд сонгогчид хотын удирдлага, албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тогтолцоо ч ил тод, ойлгомжтой болж, амьдарч байгаа иргэдийнхээ оролцоонд тулгуурлан хот өөрөө бие даан хөгжөөд явах боломжтой болох юм.
Хувьтай хүн хур борооноор гэдэг шиг “Хөгжих хот хаврын борооноор...” гэдэг хэлц үг гарч, Налайх, Багануур хотууд иргэдийнхээ оролцоотойгоор цэцэглэн хөгжихийн эх үндэс тавигдлаа.