“Сарны нулимс”, “Тусгай салаа” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлүүдэд бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийн эчнээ танил жүжигчин А.Алтанхуягтай ярилцлаа. Тэрбээр өөрийн “Cүлд” энтертайнментийг байгуулан анхныхаа бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.
- Шинэхэн дэлгэцийн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор тун завгүй явж байх шиг байна. Энэ удаад үзэгчидтэй ямар уран бүтээлээр уулзах гэж байна вэ?
- Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлээд энэ уран бүтээлдээ ханцуй шамлан орсон доо. Тун удахгүй “Үндэсний баялаг” хэмээх сонирхолтой дэлгэцийн уран бүтээлийг үзэгчиддээ хүргэх гэж байна. Анхны уран бүтээл учраас маш их ач холбогдол өгч байгаа л даа. Аль болох чанартай уран бүтээл хийхийг хүссэн юм. Туршлагатай уран бүтээлчид бол их хурдан л амжуулчихдаг байх. Миний хувьд тийм хурдан ажилласангүй ээ /инээв/. Киноны дуу “Хэлж амжаагүй үг”-ийг “Мотив” хамтлаг дуулсан. Тун удахгүй цацагдаад эхэлнэ.
- Киноны “Үндэсний баялаг” гэх нэр үзэгчдийн дунд янз бүрийн таамаг үүсгээд байгаа. Яг ийм нэртэй Холливудын кино ч байдаг шүү дээ. Тэрнээс хуулбарласан, сэдэвлэсэн юм биш байгаа гэх хүмүүс ч байна?
- Кино зохиолыг би маш удаан бодож байж сар гаруйн хугацаанд бичсэн юм. Ямарваа уран бүтээл тухайн уран бүтээлчийн эмзэглэлээс урган гардаг байх. Яагаад энэ зохиолыг бичих болсон, яагаад заавал энэ киног хийх болсон нь учиртай л даа. Бид бүхэн гадны иргэд, алт, байгалийн баялаг, валютын ханш гэж яриад, тэрний төлөө дуугараад байгаа мөртлөө энэ бүхнээс илүү чухал үнэт баялгаа орхигдуулаад байх шиг санагддаг юм. Бид эмэгтэйчүүдээ үнэгүйдүүлж байна. Эд баялаг, мөнгө төгрөгөөр хуурч охидыг буруу зам руу хөтөлж байгаа явдал бараг л байнгын үзэгдэл мэт болжээ. Энэ л намайг их эмзэглүүлдэг юм. Тийм ч учраас энэ зохиолоо бичсэн. Үндэсний баялаг гэдэг маань уул уурхай, хил хязгаар, алт мөнгө гэдгээс илүү хүн өөрөө, тэр дундаа эрдэнэт хүмүүнийг тээж төрүүлдэг эх хүн гэж боддог. Тийм ч болохоор киногоо ингэж нэрлэсэн. Түүнээс биш гадны тэр киног хуулж, хуулбарласан юм биш.
- Кино зохиол бичнэ гэдэг амаргүй даваа. Сар гаруйн хугацаанд бичсэн гэхээр харин ч хурдан амжуулсан юм биш үү?
- Найз нөхөдтэйгөө зөвлөж байж л бичсэн дээ. Зохиолч хүн биш учраас жаахан дутагдалтай зүйлүүд гарч байна. Гэхдээ бичсэн зохиолдоо сэтгэл хангалуун байгаа. Уран бүтээлчдэд санал тавьж зохиолоо уншуулахад бүгдэд нь их таалагдсан. Яах аргагүй бас нэг хэлэх ёстой санаа, хийх ёстой сэдэв байсан.
- Кино гэдэг маш олон хүний хүч хөдөлмөрөөс бүтдэг уран бүтээл. “Үндэсний баялаг” киноны баг, хамтран ажилласан уран бүтээлчдийн талаар сонирхъё?
- Кино хийх санаагаа их удаан ганцаараа бодож явсан. Найз нөхөд, үе тэнгийн уран бүтээлчид маань эхнээсээ бие даасан уран бүтээлүүд хийгээд эхэлчихсэн байна. Тэднийг хараад хийх хүсэл эрмэлзэл бүр ч илүү ассан. Нэг ёсондоо уран бүтээлчийн хувьд энэ мэргэжлээр сурч төгссөнийхөө хэргийг гаргах ёстой гэж бодсон юм. Ингээд Соёл урлагийн их сургуулийг хамт төгссөн ангийнхаа Б.Бодьбаатар гэж залууд ерөнхий найруулагчаар ажиллах санал тавьсан. Найз маань ч уриалгахан хүлээж авсан. Ингээд л багаа бүрдүүлж эхэлсэн дээ. Сургуулиа төгссөнөөс хойш бас ч зургаа, долоон жилийн хугацаа өнгөрсөн байна. энэ хооронд нэлээдгүй олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж үзлээ. Тэр болгоноосоо харж байгаа, өөрийнхөө хамгийн сайн ойлголцдог, гар нийлдэг, мэдрэмжтэй залуучуудаар бага бүрдүүлсэн дээ. Ерөнхий зураглаачаар М.Цогтбаяр, эвлүүлгийн найруулагчаар Б.Бат-Эрдэнэ гэх мэтчилэн чадварлаг залуус ажилласан.
- Жүжигчдийн сонголтын тухай ярья. Тэр бүр олны өмнө ил гараад байдаггүй зарим жүжигчид тоглосон байна лээ?
- Киноны хэлэх санааг илэрхийлэх гол дүр хамгийн чухал л даа. Тийм ч учраас энэ саналыг Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар ахад тавьсан. Мөн жүжигчин С.Ариунбямба ах кинонд маань орж ажилласан. Миний хүндэлж явдаг уран бүтээлчдийн нэг. Нэг багшийн шавь нар болоод ч тэр үү санаа бодлоо хуваалцдаг, их дотно байдаг юм. Киногоо яг л өөрийнхөө санаснаар хийж чадсан болохоор их баяртай байна даа. Ирэх дөрөвдүгээр сарын 10-наас кино театруудаар гарч эхэлнэ. Тэсэн ядан хүлээж байна.
-Нэг хэсэг олон ангит киногоор тасралтгүй үзэгчидтэй уулзсан. “Сарны нулимс”, “Тусгай салаа” гээд л?
-Аль аль нь МҮОНТ-ийн бүтээл. Энэ уран бүтээлүүдээр л гараагаа эхэлсэн хүн шүү дээ. 2006 онд оюутан байхдаа л “Сарны нулимс” кинонд ажилласан.
-Жүжигчин А.Алтанхуяг хэсэг хугацаанд ямар ч уран бүтээлээр үзэгчидтэй уулзаагүй шүү дээ. Өөрөө энэ кинондоо дүр авч ажиллав уу?
-Би өөрөө “Тусгай салаа” кинонд тоглосноос хойш таван жил ямар ч кинонд тоглоогүй. Цахим хуудсаар ч тэр, таньдаг хүмүүс ч надаас яагаад кинонд тоглохгүй байгааг их асуудаг. Тэр болгонд хариулт өгч энэ киноныхоо гол дүрийг авч ажилласан. Хараад байхад би реппэр Gee, Rockit Bay, дуучин Зоригт гээд дуучдаас ч цөөхөн кинонд тоглосон байдаг /инээв/. Саяхан бурхны оронд одсон МУСГЗ С.Сугар багшийнхаа заасан сургаалиар жижигхэн зүйлд ч ач холбогдол өгч ажиллахыг хичээлээ.
-“Сүлд” энтертайнментийг байгуулсан шүү дээ. Ямар чиглэлээр ажилладаг юм бэ?
-2010 оноос хойш энэ энтертайнментаа байгуулаад ажиллаж байна. Баяр ёслол, арга хэмжээг хөтлөх, зохион байгуулах ажлыг хийж ирсэн. Ингээд л кино уран бүтээл рүү орлоо. Харин азаар байгууллагын тамга тэмдгээ авах гэхэд энэ нэрийг авах боломж байсан. Энэ нэр өөрөө их тэнгэрлэг нэр юм л даа. Тийм ч болохоор миний ажил санасан зоргоор бүтдэг юм болов уу даа.
-Ер нь үзэгчид өөрийн тань А.Алтанхуяг гэдэг нэрнээс илүү Сүлд гэж л мэдэх байх?
-Хүмүүс намайг Алтанхуяг гэхээсээ илүү Сүлд гэж л дууддаг болсон шүү дээ. Нэг бодлын сайхан л юм. Цааш цаашдаа энэ нэрээрээ нэрлэсэн энтертайнментаараа олон уран бүтээл туурвиж, үзэгчдийн хүртээл болгохоор зорьж байна даа.
-Бусад студи, продакшнаас дэлгэцийн уран бүтээлийн санал ирж байна уу. Яг одоо зохиолоо аваад ажиллаж байгаа уран бүтээл байгаа юу?
-Ирдэг л юм. “Эцсийн зогсоол Э цэг” киноны ч санал ирж л байсан. Харамсалтай нь өөрөө бие даасан уран бүтээл хийхээр зориглоод байсан үе болохоор саналыг нь хүлээж авч чадаагүй. Өөрөө нэг уран бүтээл ахлаад ажиллаж байгаа хүн өөр уран бүтээл рүү давхар гүйж болохгүй. Энэ киногоо үзэгчдэд хүргэснийхээ дараа дараагийн уран бүтээлийн саналуудыг бодож үзнэ дээ
-Уг нь санаснаар болдог бол жүжигчин Алтанхуягийг тайзан дээр жүжиглэж байхыг хармаар л байна?
-“Тусгай салаа” киноны уран бүтээлчид нэгдэн 21 аймгуудаараа аялан тоглолт хийж байсан юм. Энэнээс хойш тайзан дээр нэг ч гараагүй юм байна. Би өөрөө тайзны уран бүтээлд маш их дуртай. Энэ төрлийн уран бүтээл хийх хзүслийг дотроо нууцхан тээсээр ч явна. Харамсалтай нь яг тэр талаар ажиллах боломж олдохгүй л байна. Залуучууд нэгдээд тайзны уран бүтээл тавья гэхээр манайд тайзны олдоц хэр байдаг билээ дээ. Ингэхгүй гэхээр нэг бол Улсын драмын эрдмийн театрт, үгүй бол аль нэг хошин урлагийн продакшнд харъяалагдаж ажиллах ёстой болно. Боломж гарах л юм бол тайзны уран бүтээл хийж үзье гэж боддог л юм.
-Ямарваа уран бүтээлийг хийхэд төсөв, хөрөнгийн асуудал маш хүнд байдаг. Ялангуяа залуу уран бүтээлчид бие дааж уран бүтээл хийхэд. Харин “Үндэсний баялаг” киноны хувьд энэ асуудлыг хэрхэн шийдэв?
-Киноны хөрөнгө мөнгө, төсвийг бид өөрсдөө л аргалсан даа. Хаа очиж миний ажилласан Сүлд гэж дүр үзэгчдэд намайг танил болгосон байна. Азаар хүмүүсийн хайртай дүр ч болж. Хаач очсон хүмүүс их уриалгахан тусалж байлаа. “Сүнжин гранд” зочид буудал, Нэгдүгээр эмнэлгийн бөөрний тасгийнханд зураг авалт хийх боломж олгосонд талархсанаа хэлье. Мөн Зэвсэгт хүчний 310 дугаар ангид бид байрлаж зураг авалтаа үргэлжлүүлсэн. Бүхий л нөхцөл бололцоогоор хангаж өгсөн энэ хамт олонд баярлалаа. Кино бүтэхэд сэтгэл зүрхээ гаргаж тусалсан бүх хүмүүст баярлалаа.
-Өмнө нь “Тусгай салаа” киноны зураг авалтын үеэр цэргийн ангид байрлаж байсан. Энэ удаад ч байрлаж. Ер нь цэргийн амьдралыг их сайн мэддэг болж байна уу даа?
-Тэгэлгүй яахав. Нэвт мэдэхгүй ч зах зухаас нь гадарладаг болоод байна. Яагаад ч юм цэргийн анги, зэвсэгт хүчин гэхээр нэг л элгэмсэг санагддаг шүү.
-Ярилцлагаа тун удахгүй нээлтээ хийх “Үндэсний баярлаг” киноны тухай асуултаар төгсгөе. Маш олон кино зэрэг нээлтээ хийж байгаа энэ үед танай киног үзэхээр ирсэн үзэгчид ямар мэдрэмж, ямар ухаарлыг олж авах бол?
-“Үндэсний баялаг” киног сонгож үзсэн үзэгчид харамсахгүй гэдгийг хэлмээр байна. Эндээс эмэгтэйчүүдээ хайрлая, эрчүүд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэхэд буруудах зүйл байхгүй гэдгийг олж харах болно. Бид муу уран бүтээл хийчихээд үзээрэй гэж хэлэхгүй. Тэр бол луйвар болно. Бидний сэтгэл зүрх, хөдөлмөр шингэсэн уран бүтээлийг үзэж, биднийг дэмжээрэй гэж хэлье.